Монголчууд тэвчээргүй

Хуучирсан мэдээ: 2016.12.14-нд нийтлэгдсэн

Монголчууд тэвчээргүй

Бид өөрсдийгөө тэвчээртэй гэж боддог ч ялих шалихгүй зүйлээс харахад монголчууд үнэхээр тэвчээргүй. Хүлээцгүй.

Бэлэн мөнгөний машинд дугаарлахдаа чихэн дээр амьсгалж ирээд л дайрна. Дэлгүүр, банкны дараалалд дугаарлаж мэдэхгүй. Бүгд нэгэн зэрэг зүтгэнэ.

Түгжрэлийг бол бүр үзэхгүй. Нэгэнт өмнөх машин хөдлөх боломжгүй байгааг харсаар байж дохиогоо дахин дахин хангинуулж үзнэ. Болдог бол нисэх шахна. Уурандаа багтарч, бүх машиныг дайраад давхих нь холгүй түнтэгнэнэ.

Гарцан дээр ногоон гэрэл асах хэдхэн секундыг тэвчээртэй хүлээж чадахгүй. Тэр бүү хэл онгоц газардаагүй байхад ачаагаа авах гэж яарна. Хаалга руу зүтгэнэ.

Монгол хүний ийм хүлээцгүй зангаас болж их юм болдог. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хоорондоо зодолдох шахна. Шаралхсандаа уралдана. Осол гарна. Хэн нэг нь хохирно. Өмнөх машинаа гүйцэж түрүүллээ гээд эцсийн эцэст юу ч хожихгүй, ядаж цаг хэмнэх боломжгүй байхад заавал урд нь гарах гэж уурлана.

Хэсэгхэн хугацааны тэвчээр, хүлээцийг алгаслаа гээд бидэнд хожил нь бага. Бараг байхгүй. Амь насаараа дэнчин тавин байж замын цаана гарснаараа юуг ч илүү хийж чадахгүй.

Ногоон гэрлээр зам гарч болно гэж замын хөдөлгөөний цагаан толгой заалгасан хүүхдүүд гайхдаг байх. Тэр тухай үр хүүхэддээ “худлаа” ярьдаг томчууд өөрсдөө зам хөндлөн гарахдаа юу ч боддоггүй. Ногоон гэрэл хүлээн нэг минут ч хүрэхгүй хугацаанд гарцан дээр зогсчих ухамсартай хүн л цөөн байхаар Монголын нийгэм хэзээ ч хүний соёлт харилцаан дээр тулгуурладаг болох юм, мэдэхгүй. Гарцгүй газраар зам гарч гүйснээрээ өөрийгөө хохироож байгаа биш ялж байгаа мэт сэтгэгдэлтэй үлддэг хүн арав алхаад л таарна гээд боддоо.Замын голоор хаалт, хашлага хийгээд ч нэмэргүй. Эсвэл даваад, болохгүй бол мөлхөөд ч болов гардаг тийм том зориг монгол хүнд л байдаг байх.

Хэсэгхэн хугацааны тэвчээр, хүлээцийг алгаслаа гээд бидэнд хожил нь бага. Бараг байхгүй. Амь насаараа дэнчин тавин байж замын цаана гарснаараа юуг ч илүү хийж чадахгүй. Үүнийг л монгол хүн ойлгож, бүх төрлийн хүлээлтийг хүлээн зөвшөөрч, бусдад хүндлэлтэй ханддаг болчихвол их зүйл өөрчлөгдөнө дөө. Санал нийлж байгаа бол та хүлээлт, хүлээцтэй харилцааг өөрөөсөө эхлүүлээрэй.

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж