Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа буюу өчигдөр /2016.12.14/ Хорих 461-р ангид эхэлсэн ч, хоёр талын өмгөөлөгчдийн хүсэлтээр долоо хоногоор хойшиллоо. Шүүх хуралд хохирогчоор С.Зориг агсны дүү С.Оюун оролцох байсан ч ирээгүй юм.
УИХ болон орон нутгийн сонгуульд ялагдал хүлээж, засгийн эрхээ алдсан Ардчилсан нам арванхоёрдугаар сарын 6, 7-нд VI Их хурлаа зохион байгуулж, намын даргаа нийт гишүүдийн оролцоотойгоор сонгохоор болсон. Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр одоогоор дөрвөн хүн нэрээ бүртгүүлжээ. Ж.Батзандан, Л.Болд, С.Эрдэнэ, Л.Гантөмөр нар Ардчилсан намын даргын сунгаанд оролцох гэнэ. Шинэ намын дарга ирэх оны нэгдүгээр сарын 29-нд тодорно.
Нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга нараас одоо ганцхан Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоо хүлээгдэж байгаа билээ. “Тус дүүргийн сонгуулийн хороо Ардчилсан нам /АН/-ын зургаан гишүүний нэрийг жагсаалтаас хассан. Үүнийг хууль бус үйлдэл хэмээн дүүргийн АН-ынхан шүүхэд хандаж, улмаар энэ асуудал шүүхийн шатанд явж байгаа тул Засаг даргын томилгоо хүлээгдэж байгаа” хэмээн өчигдөр /2016.12.14/ нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээллээ.
Нийслэлийн Газрын албанаас зөвшөөрөлгүй байрлуулж, үйл ажиллагаа эрхэлж буй нийт 757 түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-д зөрчлөө арилгах тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлж, заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд албадан нүүлгэнэ гэдгээ мэдэгджээ.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосонбумбын нуруу орчмын бүс нутаг дахь тусгай лизензүүдийг цуцлахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү шүүх хурал одоо тав дахь удаагаа хойшлогдсон байна.
УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчлахаар өчигдөр /2016.12.14/ Улаанбаатар хотоос явлаа. ОХУ-ын Төрийн думын даргын урилгаар арванхоёрдугаар сарын 14-16-ний өдрүүдэд айлчлал хийх юм байна. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү, мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, О.Содбилэг, Б.Наранхүү, Г.Мөнхцэцэг нар багтсан байна.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өчигдөр /2016.12.14/ болж, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэлээ. Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Ардын болон гавьяат цолтнууд, Төрийн шагналтан, Төрийн соёрхолт шагналтнууд тэтгэврээсээ гадна сар бүр 150.000-200.000 төгрөгийг төрөөс авдаг байна. Энэ нь шагнал дагаж ирдэг тэтгэмж аж. Судалгаагаар энэхүү тэтгэмжийг 4789 ахмад авдаг. 2015 онд энэ зориулалтаар халамжаас нийт 4.9 тэрбум төгрөг зарцуулжээ.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад хавсран суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.