Эдийн засгийн байнгын хороо ирц хүрсэнгүй, маргааш болтол хойшиллоо. УИХ дахь олонхын бүлэг ирцээ бүрдүүлж чадаагүйгээс тус байнгын хорооны хуралдаан ахин хойшлов. Учир нь өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо хуралдах ёстой байсан ч тухайн Ардчилсан намын Их хурал болж байгаатай холбоотойгоор хойшлогдсон юм.
УИХ-д 65 суудал авсан тус намынхан Ардчилсан намыг харалгүй ирцээ бүрдүүлээд хуралдах бүрэн боломжтой. Гэвч сүүлийн үед ирц хүрэхгүй гэдэг шалтгаанаар олон хурал хойшлогдож байна. Энэ байдлаас болж УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хуралдаа ирдэггүй гишүүдийн цалинг нь хасах хуулийн төсөл санаачилж болдоггүй юм уу. Сонгогчдынхоо эрхийг хүндлэхгүйгээр яаж хүний эрхийг хүндлэх юм бэ. Иргэдээ хүндлэхгүйгээр ийм их хурал яваад байдаг” гэж өнгөрсөн баасан гаригт шүүмжилж байсан юм. Үнэхээр улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэж, хийж, шийдэрлэх ажил олон байхад хуралдаа ирэхгүй байгаа эрхэм түшээдэд хэн хариуцлага тооцох вэ?
Өнөөдрийн байнгын хороогоор "Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэх, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонсох, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээллийг сонсох хуваартай байсан юм.