АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өөрийн удирдлага дор ажиллах багаа бүрдүүлэх хүрээнд ExxonMobil компанийн гүйцэтгэх захирал Рекс Тиллерсоныг Төрийн нарийн бичгийн даргаар сонгосон талаар CNN мэдээллээ. Трамп болон түүний багийнхан одоогоор энэ мэдээллийг албан ёсоор зарлаагүй боловч хэд хэдэн баталгаатай эх сурвалжийн мэдээнд үндэслэн CNN дээрх мэдээллийг цацжээ. Харин ирээдүйн ерөнхийлөгч Трамп мягмар гаригийн өглөө албан ёсны мэдээллийг нийтэд хүргэнэ хэмээн жиргэсэн байна.
Өдгөө 64 настай Тиллерсон нь Трампын адилаар гадаад харилцааны салбарт ажилласан туршлага үгүй ч дэлхийн хамгийн том эрчим хүчний компанийг толгойлдгийн хувьд Ойрхи Дорнод болон Евроазийн орнуудын лидерүүдтэй гэрээ хэлцэл хийж, заримтай нь дотно харилцаатай байдаг гэнэ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Тиллерсоноос гадна Нью-Йорк хотын захирагч асан Руди Жулиани, 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байсан Митт Ромни болон Сенатын Гадаад харилцааны зөвлөлийн дарга Боб Корбер нарын эрхмүүдийн нэр яригдаж байсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр экс Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс, Жеймс Бейкер нар, мөн Батлан хамгаалахын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Боб Гейтс нарын туршлагатай улстөрчид Тиллерсонг Трампад санал болгосон гэнэ. Трамп харин түүнийг “дэлхийн зэрэглэлийн тоглогч” хэмээн магтаж байсан удаатай. Бизнесийн салбар дахь тэдний зан араншин, дэлхийг харах өнцөг нь ихэд төстэй учир Трампын хувьд гадаад бодлогоо зангидуулах хамгийн тохиромжтой сонголт нь Тиллерсон гэдгийг эх сурвалж онцолжээ.
С.ЦЭЛМЭГ