Олон улсын шууданчид чуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Олон улсын шууданчид чуулж байна

Өнөөгийн шуудангийн салбарын хөгжлийн суурь бидний өвөг дээдэс болох Өгөдэй хаан, цаашлаад Хүннүчүүдийн үеэс улбаатай гэдэг. Энэ их түүх өгүүлсэн монгол нутагт дэлхийн шууданчид чуулж байна.  Монгол Улсад анх удаа Ерөнхий сайдын ивээл дор Ази, Номхон далайн бүсийн шуудан холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлыг зохион байгуулж байгаа юм. Тус зөвлөлийн хуралд 50 гаруй орны 200 гаруй төлөөлөгч орол­цож байгаа бөгөөд энэ сарын 25-29-нийг хүртэлх хугацаанд өнгөрсөн жилийн хугацаанд Ази, Ном­хон далайн бүсийн, дэлхийн шуудангийн хол­боо­ны технологийн үйл ажиллагааны алдаа оноог дүг­нэж, салбарын дүрэм, журмыг шинэчлэн бат­лах юм.

Гүйцэтгэх зөвлөлийн хурлыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн онд Индонез улсад болсон хурлын үеэр “Монгол шуудан” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Г.Чинзориг 2011 онд Монгол Улсад зохион байгуулах саналыг тавьж, уг асуудлыг Удирдах зөвлөлийнхөн дэмжсэн нь өдгөө биеллээ олж байгаа нь энэ. 1961 онд байгуулагдсан, 29 орныг эгнээндээ нэгтгэсэн Ази, Номхон далайн бүсийн шуудан холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлыг өөрийн орондоо зохион байгуулснаар дэлхийн хэмжээнд шуудан холбооны салбарт хэрэгжиж буй төслүүдэд хамрагдах, улс орноо сурталчлан таниулах, шуудангийн салбарыг хөгжүүлэхэд олон улсын дэмжлэг туслалцаа авах, бусад орнуудтай хамтран ажиллах боломж бүрддэг талаар холбогдох албаныхан хэлж байлаа.

Хуралд Дэлхийн шуудан холбооны ерөн­хийлөгч, дэд ерөнхийлөгч бүсийн нарийн бичгийн дарга болон холбогдох албан тушаалтнууд оролцож байгаа бөгөөд өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхжээ. Зөвлөлийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс гурван үндсэн асуудлыг санал болгосон байна. Тухайлбал,  ирэх онд Дохад зохион байгуулах Шуудангийн ашиглалтын зөвлөлийн сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлэх, Дэлхийн шуудан холбооны олон улсын товчоонд манай улсаас ажилтан ажиллуулах болон “Олон талт хамтын ажиллагааны төсөл”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх санал дэвшүүлээд байгаа аж. Харин “Монгол шуудан” компани Хятадын шуудан харилцааны байгууллагатай хамтран ажиллах онцгой гэрээ байгуулж, Монголд ирэх шууданг хязгаарлахгүй байх тухай юм байна. Учир нь гадаад орнуудтай шуудан солилцоход Бээжин, Москва гэсэн үндсэн цэгээр дамждаг. Үүнээс Бээжингээр нийт шуудангийн 60 хувийг дамжуулдаг байна. Гэтэл Хятад зорчигч тээврийн ачааг аваад шууданг үлдээдэг бэрхшээл гардгийг энэ удаагийн хурлаар зохицуулах талаар харилцан санал солилцож, шийдэлд хүрэх арга замыг шийдвэрлүүлэх зорилго тавиад байгаа аж.

Манай улсын хувьд шуудангийн үйлчилгээний салбар дэлхийн өндөр хөгжилтэй оронтой харьцуулахад хөгжлийн төвшингөөр доогуур үзүүлэлт ажиглагдаж байгаа боловч сүүлийн жилүүдэд үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, интернэт буюу цахим үйлчилгээг нэвтрүүлэх тал дээр дэлхийн шуудан холбооны салбартай хамтран төслүүд хэрэгжүүлж байна. Жишээлбэл, энэ хүрээнд “Өрх бүр шуудан” төсөл хэрэгжүүлж буй. Монгол Улсын хувьд хүн амын үнэн зөв хаягжилт байдаггүйгээс шуудангийн хайрцаг ажиллуулах, электрон шуудангийн үйлчилгээг хүн бүрт хүргэхэд төвөгтэй байгаа. Гэсэн хэдий ч Хүн ам, орон сууцны нэгдсэн тооллогын дүнд энэ төслийг хэрэгжүүлэхэд дөхөм болж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, өөрийн электрон хаягаар дэлхийн хаанаас ч холбогдож, шуудангаа шалгаж үзэх боломж нээгдэх юм. 


Г.Чинзориг: Цахим шууданг хүн бүрт хүргэнэ


“Монгол шуудан” Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Г.Чинзоригтой ярилцлаа.

-Ази, Номхон далайн бүсийн шуудан холбооныхон манай улсад чуулах болсны шалтгаан?

-Жил бүр зохион байгуулдаг гүйцэтгэх зөвлөлийн хуралд дэлхийн бүх орны шуудангийн салбарынхан анхаарал хандуулж оролцдог. Энэ утгаар Монгол Улс 1964 онд энэ холбоонд гишүүнээр элссэнээс хойш анх удаагаа өөрийн оронд зохион байгуулж байгаа нь энэ. 2010 онд Индонез улсын Валид болсон хуралд төлөөлөгчөөр оролцох үеэр 2011 оны гүйцэтгэх зөвлөлийн хурлыг Монгол Улсад зохион байгуулвал ямар вэ гэсэн хүсэлтийг тавьсан. Үүнийг ч тэд тааламжтай хүлээж авсан. Энэ удаагийн хуралд Дэлхийн шуудангийн холбооны удирдлагууд бүгд ирсэн. Хурлаар өнгөрсөн оны техник, технологийн алдаа дутагдлыг шүүн хэлэлцэж, цаашид хэрхэн засаж залруулах талаар хэлэлцдэг юм.

-Энэ хурлыг Монгол Улсад зохион байгуулахын ач холбогдолын талаар тодруулбал?

-Өөрийнхөө оронд зохион байгуулахын давуу тал их байлгүй яахав. Олон улсад шуудангийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрт хамрагдах, бусад орны техник технолгийн дэвшлээс суралцах, хамтын ажиллагаа тогтоох гээд олон боломж бий. Энэ удаагийн хурлаар сум, аймагт онлайн үйлчилгээг нэвтрүүлэх, Дэлхийн шуудан холбооны олон улсын товчоонд төлөөлөл оролцуулах гэх мэт хэдэн хэдэн санал тавьж байгаа.

-Дэлхийн шуудан холбооны байгууллага манай улсад ямар дэмжлэг үзүүлж байсан юм бэ?

-Манай улсаас жилд хоёроос доошгүй мэргэжилтэн энэ холбооны зардлаар сургалтад хамрагддаг. Үүнээс гадна Олон улсын шуудангийн систем // төслийг хэрэгжүүлэхэд 70 гаруй хувийн хөнгөлөлт үзүүлсэн.

-“Монгол шуудан” компани хэрэглэгчдэдээ эхний ээлжинд зайлшгүй шаардлагатай нэвтрүүлэх үйлчилгээ, цаашид нэр төрлийг өргөтгөх тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?

-Олон улсад ачаа тээврийн үйлчилгээ маш сайхан хөгжсөн байдаг. Харин манайд ийм үйлчилгээ саяхнаас хөгжиж байна гэж хэлж болно. Үүнийг олон улсын жижшгт хүргэж, цаг алдалгүй үйлчлэхэд бусад орнуудтай хамтран ажиллах юм. Манайд шуудангийн хайрцагны хэрэглээг ашиглах сонирхол муу байдаг. Үүнтэй холбоотойгоор цахим шууданг хүн бүрт бий болгох төсөл хэрэгжүүлж байгаа.

МОНГОЛООС ГАРАЛТАЙ МОРИН ӨРТӨӨ

Эртний нүүдэлчин монголчуудын харилцаа холбооны гол хэрэглүүр нь морьт элч, галын дохио, дарцаг зэрэг байжээ. Хүннүгийн үеийн вангууд эзэн хаандаа яаралтай бичиг мэдээллүүдийг уургын улаа хэрэглэн буухиа элчээр явуулж байсан тухай түүхтэй. 1228-1240 оны хооронд Монголын эзэнт гүрний хаан ширээнд суусан Өгөдэй хаан анх 37 суурь өртөө байгуулснаар Монголын хаадын бодлогод морин өртөө-шуудан ихээхэн үүрэг гүйцэтгэх болсон. Хэдийгээр тухайн үеийн морин өртөө-шуудангийн зохион байгуулалт ёс журам бүдүүлэг хэлбэртэй байсан боловч тухайн эзэнт улсын байдалд сайтар зохицсон харилцаа холбооны хэрэглүүр болж чадаж байсан юм. Хубилай хааны дэргэд 17 жил алба хашсан Италийн жуулчин Марко Поло Монголын эзэнт гүрний шуудан харилцаа сайтар хөгжсөнийг тэмдэглэж байжээ.

Сонирхуулахад орчин үеийн түргэвчилсэн шууданд хэрэглэдэг тусгай таних тэмдэг,замын салаа чиглэлийг заадаг арга хэлбэр тэр үед үүсч бий болсон байна. Тухайлбал морин өртөө шуудангаар явуулах зүйлийн ачааны хүнд 70 жин буюу 42 килограмм, урт нь 13 ямх, өргөн нь 7 ямх, өндөр нь 6 ямх /1 ямх нь 3,2 см/ байхаар овор хэмжээг тогтоож байв. Мөн яаралтай шуудангийн гадна талд жигүүр агуулан явуулахаас гадна “Нис нис” гэсэн үг бичих, шувууны өд, морин туурай зурж тэмдэг томьёо хэрэглэдэг байв. Мэдээллийн хурд гэдэг ямар үнэ цэнэтэй, өндөр ач холбогдолтой вэ гэдгийг өнөөгийн зууныхан андахгүй. Чухам тэр хүсэл эрмэлзэл хэрэгцээг нь бүрнээ хангасан интернэт хэмээх мэдээллийн сүлжээ өнөөдөр дэлхийг бүхэлд нь хэрэн холбоод байгаа. Харин эдүгээгээс 2200 гаруй жилийн тэртээ талын нүүдэлчид харилцаа холбооны шалгарсан хэлбэрийг эрэлхийлж, 800 жилийн өмнө Их Монгол улс хүчирхэгжин мандах үедээ мэдээллийн хурд, үнэ цэнийг ухаарч байсан нь гайхамшигтай. Магадгүй морин өртөөг үүсгэсэн Өгөдэй хаан өнөөгийн интернэтийн анхны санааг олсон ч юм билүү.

Д.ДОЛГОР


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж