…“Манайх Баянзүрх дүүргийн 23-р хороо, өмнө нь Амгалан дахь Хаан банкнаас мөнгөө авдаг байсан юм, одоо Хадгаламж руу шилжүүлсэн гэхээр тэдний аль салбараас мөнгөө авах вэ” гэх утгатай хэдэн мянган асуулт хороо, дүүрэг, банкныхныг ээрсээр. Зүгээр ч үгүй ямар бичиг баримттай очих вэ, данстай болох уу, өөр салбараас авч болохгүй юм уу гэсэн асуултууд үргэлжилсээр. Өмнө нь эх орны хувь хишгээ огт аваагүй байгаа хүмүүс мөнгөө Хаан банкнаас очиж авах уу, Хадгаламжаас авах уу? Хаашдаа л төр засаг иргэдийнхээ амжиргаанд дэмжлэг болгохоор энэ мөнгийг өгч байгаа. Тэгэхээр банкны үүд сахиж, их хэмжээний дугаар үүсгэсэн иргэдийн маань буруу нь юу байхав.
Ингээд Хадгаламж банкаар дамжуулан олгох болсон эх орны хувь хишгийг иргэд хэрхэн хүндрэл чирэгдэл багатай авах боломжийн тухай сурвалжилснаа хүргэе. Банкны ажилтнууд иргэдийг мэдээлэл сайтай байж, аль ч талдаа хүндрэл багатайгаар үйлчлүүлэхийг хүссэн. Иргэдийн урт дарааллын мөрөөр Хадгаламж банкийг зорилоо. Өнгөрсөн баасан гаригийн байдлаар мөнгөө буунгуут хүлээж байгаад авдаг иргэдийн мөнгийг ерөнхийдөө түгээж дууссан байна. Чингэлтэй дүүргийн иргэдийн мэдээлэл тус банкинд хожуу ирсэн тул түгээлт бага зэрэг саатаж өнөөдөр ч үргэлжлүүлэн өгөх гэнэ. Харин хуримтлуулж, мөнгөний хэрэгцээ болохоор авдаг иргэдийн тухайд хараахан гүйцээгүй ажээ. Тэгвэл орон нутгийн иргэдийн тухайд ихэнх аймгийн иргэд мөнгөө авч дууссан тухай мэдээллийг банкныхан өгөв. Хэнтий, Дорнод, Булган аймгийн иргэдийн мэдээлэл хожуу ирсэн тул өнгөрсөн бямба гаригаас авч эхэлжээ.
Тус банк иргэдэд хүндрэл чирэгдэл багатай олгохоор байж болох бүхий л арга хэмжээг авч байгаа гэнэ. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас тавьсан хүсэлтийн дагуу тэд зөвхөн эх орны хувь хишгийг иргэдэд хүргэхийн тулд 1.4 тэрбум орчим төгрөгөөр нийт 72 салбар нэгж байгуулсан байна. Хувь хишиг олгох үйлчилгээ нь бизнесийн үүднээс бол төдийлөн ашиггүй боловч олон жилийн турш төрийн халамжийн үйлчилгээг иргэдэд хүргэж ирсэн туршлагадаа үндэслэн ашгийн ихийг харсангүй, олон харилцагчтай болохыг чухалчлан энэ үйлчилгээг үзүүлэх болсон гэдгээ тэд хэлцгээж байна.
Тус банкныхан Хаан банкнаас шилжиж ирсэн бүх иргэдэд нэрийн данс нээж, эх орны хувь хишгийг байршуулжээ. Хэрвээ иргэн хүсвэл виза карттай болох захиалга өгвөл ажлын хоёр өдөрт багтаан бэлэн болгоно. Ингэхдээ заавал нэр тоочсон салбарт очих албагүй. Хадгаламж банкны ачаалал багатай аль ч салбараас виза карт захиалах анкет бөглөж захиалах гэнэ. Ингэхдээ хоёр хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар шаардлагатай гэдгийг нэмж дуулгая. Түүнчлэн таны нэр дээр виза карт бэлэн болмогц эх орны хувь хишгийн мөнгө байршсан байх ажээ. Тэгэхээр карттай харилцагч нар сар бүрийн 15-нд банкны үүдэнд дугаарлах шаардлагагүй болно гэдгийг банкныхан хэлж байна.
Хадгаламж банкнаас мөнгөө авахад Хаан банкаар үйлчлүүлж байсантай төстэй. Эднийх иргэдэд карт үнэгүй олгож байгаа бөгөөд Хадгаламж банкны нийт 122 АТМ, үйлчилгээний байгууллагуудад байршсан банкны 282 POS машин ашиглаж, эсвэл бусад банкны АТМ-ээр дамжуулан картнаасаа хүссэн үедээ мөнгөө авах боломжийг бүрдүүлжээ. Харилцагч хүсвэл сар бүрийн хүний хөгжлийн мөнгөө орон сууц, цахилгаан, СӨХ, энгийн болон гар утасныхаа төлбөрийг шууд суутгуулан төлөх “Биллинг” үйлчилгээг авч болох гэнэ. Ингэхийн тулд виза картаа захиалахдаа биллинг үйлчилгээгээр юу юуны төлбөр төлөхөө анкетандаа зааж өгөхөд болох ажээ. Харин таны нэрийн дансанд орлого орох, зарлага хийгдэх бүрт таны утсанд мессежээр мэдээлэл ирж байх гэнэ.
Хаан банкаар дамжуулан олгож байсан 45 хороодын нэр бүхий 12-оос бусад буюу 33 хороодын иргэд энэ сараас Хадгаламж банкаар дамжуулан мөнгөө авна. Иргэний үнэмлэх дээрх хаягийн дагуу аль хорооны иргэн тус банкны аль салбараас мөнгөө авах хуваарийг гаргасныг дараах хүснэгтээс харна уу.
Хаан банк зөвхөн эдгээр (хүснэгт 1) хороодын иргэдийн эх орны хувь хишгийн мөнгийг хэвийн тараах үйлчилгээ үзүүлж байгаа бол хүснэгт 2-т Хадгаламж банкаар эх орны хувь хишгээ авах хороодын хаягийг мэдээллээ. Зөвхөн эх орны хувь хишгээ бэлнээр авах гэж байгаа бол хүснэгт заасан салбаруудаар үйлчлүүлэх аж. Харин бэлэн бусаар авах бол аль ч салбараар үйлчлүүлж болно.
ЖИЧ: СБД-т Дамба халамжийн касс БЗД-ийн 21-р хороо, ЧД-т Чингэлтэй касс СБД-ийн 14-р хороо, СХД-ийн Таван шар касс БГД-ийн 20-р хорооны иргэдийн эх орны хишиг хувийн мөнгийг тус тус давхар олгоно.