Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан аймгийн засаг даргын орлогч А.Түвшинжаргалын баталсан төлөвлөгөөний дагуу 15-16 ажил хийгдэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Тухайлбал Амарын талбайн нэмэлт гэрлэн чимэглэл, гэрэлтүүлгийн ажлыг Анд энерги компани, аймгийн зураачдын холбоо талбайн гацуур модны чимэглэл, хотхон байгуулах ажлыг хариуцсан байна.
Үдшийн цэнгүүн арга хэмжээний цахилгаан хангамжийг Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, гэрэлтүүлэгтэй холбоотой ажлыг Эрдэнэт ус компани хариуцахаар болжээ Талбайн чимэглэл, баярын уур амьсгал бүрдүүлсэн хотхон байгуулах ажлыг энэ жил анх удаа аймгийн зураачдын холбоо хариуцан хийж байна. Өмнөх жилүүдэд уг ажлыг Баян- Өндөр сумын багууд хариуцдаг байжээ.
Энэ жил мөсөн хотхон байгуулахгүй бөгөөд мөсөн хотхон нь хайлах, ахиж ашиглах боломжгүй, аюулгүй байдал хангахгүй зэрэг сөрөг нөлөөтэй байдаг учраас ижил төстэй материал ашиглаж баримал хэлбэрээр хотхон хийх нь оновчтой хэмээн үзжээ.
Жил бүр шинэ жилтэй холбоо бүхий баримлууд бүтээснээр 2-3 жилийн дараа хуримтлал үүсэж, дараа дараагийн жилд ашиглах боломжтойн дээр тодорхой хэмжээнд төсөв мөнгө хэмнэх боломж бүрдэх ач холбогдолтой гэж аймгийн ерөнхий зураач Д.Батбилэг хэллээ. Одоогийн байдлаар гацуур мод чимэглэх ажил хийгдэж байгаа бол 12-р сарын 13-ны өдрөөс баримлын ажил эхлэх юм байна.
Эх сурвалж: erdenetinfo.mn