Месси “уутан өмсгөл”-тэй хүүтэй уулзжээ

Хуучирсан мэдээ: 2016.12.14-нд нийтлэгдсэн

Месси “уутан өмсгөл”-тэй хүүтэй уулзжээ

Уутан өмсгөлтэй Мессигийн фен хүү 2016.01.20

Лионель Мессигийн өмсгөлийг дуурайлган гялгар уутаар хийсэн хувцастайгаа сошиал хүрээнд алдаршсан зургаан настай афган хүү хөлбөмбөгийн баатартайгаа уулзжээ. Муртаза Ахмади хүүгийн цагаан, цэнхэр судал бүхий гялгар уутыг өмсгөл болгон өмсөж, дээр нь Месси 10 хэмээн бичсэн зураг өнгөрсөн нэгдүгээр сард анх сошиал ертөнцөд цацагдсан билээ. Хүүгийн зураг Мессигийн хөгжөөн дэмжигчдийн албан ёсны хуудсанд тавигдсанаар тэр дэлхийн танил болж, Афганистаны нийслэл Кабул хотоос зургаан настай хүүг олох аян өрнөсөн юм.

Харин тэр цагаас хойш 11 сарын дараа Муртаза хүү Месси нар анх удаа уулзсан тухай гэрэл зураг, видео мэдээллийг Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах тусгай комисс сошиал хуудсандаа байршуулжээ. “Бүхий л дэлхий энэ зургийг харахыг хүссэн. Өөрийн баатар Месситэйгээ уулзахыг хүсдэг байсан зургаан настай хүүгийн мөрөөдөл биеллээ” хэмээн бичжээ.

Месси тэргүүтэй “Барселона” клубынхэн Саудын Арабын “Аль Ахли” клубтэй үзүүлэх тоглолт хийхээр Катарын нийслэл Доха хотноо очоод байх үед нь ийнхүү хүүг уулзуулжээ. Тоглолт 5:3 харьцаатай Испанийн багийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд Месси ч багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулж, гоолдсон байна. Муртаза хүү тоглолт эхлэхийн өмнө талбай дээр “Барселона” багийнхны хамт зургаа авахуулж, тоглолтын нэгэн маскотын дүрээр талбай дээр өнжжээ.

Муртаза Ахмади хүү тоглолтын өмнө “Барселона” багийнхантай хамт

Сануулахад, Муртаза хүүгийн сошиалд тарсан зургийн дараа Мессигийн гарын үсэг бүхий өмсгөл, бөмбөгийг өнгөрсөн хоёрдугаар сард НҮБ-ын Хүүхдийн сангийн ажилтнууд түүнд бэлэглэсэн юм. Тэр мөч амьдралынх нь хамгийн жаргалтай үе байсан талаар хүүгийн аав ярьсан байдаг.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж