Б.Батжаргал “Cardiff singer of the World” уралдаанд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2016.12.14-нд нийтлэгдсэн

Б.Батжаргал “Cardiff singer of the World” уралдаанд оролцож байна

Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Батжаргал “ВВС” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулдаг “Cardiff singer of the World” уралдааны 2017 оны урьдчилсан шалгаруулалтад амжилттай оролцож байна.

Тэрбээр уралдаанд өнгөрсөн зургадугаар сард бичлэгээ явуулж тэнцсэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 11-нд Германы Берлин хотноо Шиллера театрт дуулж, шалгаруулалтад оролцжээ.

Дуучин Б.Батжаргал энэ удаагийн шалгаруулалтад тэнцвэл ирэх оны зургадугаар сард Их Британийн Уэльсийн нийслэл Кардифф хотноо очиж, “Cardiff singer of the World” уралдаанд оролцох эрхтэй болох юм.

Авьяаслаг залуу уран бүтээлч Б.Батжаргал нь өнгөрсөн аравдугаар сард Оросын алдарт дуучин М.Магомаевын нэрэмжит олон улсын дуулаачдын уралдааны хүрэл медалийг хүртсэн билээ.

Москва хотноо аравдугаар сарын 13-нд болсон тус уралдаанд нийт 18 орны 150 гаруй дуучин оролцсон байна. Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Банди, Д.Ганхуяг нарын шавь бөгөөд 2012 онд Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн бөгөөд одоо Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж байгаа юм. 

Дэлхийд алдартай “ВВС” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулдаг “Cardiff singer of the World” уралдаанд Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын илч Э.Амартүвшин 2015 онд оролцож, үзэгчдийн цахим санал асуулгаар сопрано хоолойтой агуу дуучин Сазерлендын нэрэмжит тусгай шагналын эзэн болсон билээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж