Ц.Шаравжамц: Шинэ спортын төв ордныг төсөвт дарамт учруулахгүйгээр барих гарцыг хайж байна

Хуучирсан мэдээ: 2016.12.09-нд нийтлэгдсэн

Ц.Шаравжамц: Шинэ спортын төв ордныг төсөвт дарамт учруулахгүйгээр барих гарцыг хайж байна

  • Энэ удаагийн “Ярилцах танхим”-ын зочноор Биеийн тамир, спортын газрын дарга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцыг урилаа.


-Та ажлаа аваад багагүй хугацаа өнгөрлөө. Таныг аж­лаа авах үед танай газартай холбоотой таагүй мэдээлэл нэлээн гарчихсан байсан. Тухайлбал, “Рио”-гийн олимп явсан тамирчдад авч өгсөн цүнх чанар муу­тай, замын ая даахгүй эв­дэр­сэн гээд л… Ингэхэд таныг ажлаа авахад яг ямар нөхцөл байдал угтсан бэ?

-Нөхцөл байдал гэвэл нэлээн хүнд байсан. Тухайн үед төсвийн тодотголоор манай газрын бүх төсвийг тэглэчихсэн. Дээрээс нь 750 сая төгрөгийн өртэй байлаа. Яахав ажлаа аваад төсвийн тодотгол хийх үед хөөцөлдөж байж тодорхой хэмжээний мөнгө суулгуулж чадсан. Мөн манайд арваад журам байдаг. Тэдгээрийн бүгдийг нь эргэн харж өөрчилнө гэсэн том зорилго тавьсан. Учир нь, “Рио”-гийн олимпод оролцсон манай баг тамирчдын амжилт олны санасан хэмжээнд хүртэл байж чадаагүй. Иймээс эхний ээлжинд Шигшээ багийг сонгон шалгаруулах журмыг өөрчлөх ёстой гэж үзсэн. Ажлын хэсэг байгуулсан. Манайхан ч нэлээн өндөр ачаалалтай ажиллаж байна. Ер нь ганц шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчийг сонгон шалгаруулах биш зэрэг цолны гээд өөр олон журмыг шинэчлэх шаардлагатай байгаа. Эдгээрийг хэлэлцэх шатандаа явж байна.

Шигшээ багийг бүрдүүлэх журамд өөрчлөлт оруулж, сайдад өргөн барьсан

-Журам гэснээс Токиогийн олим­под оролцох шигшээ багийг бүрдүүлэх ажил яг одоо олны анхаарлыг татаж байна. Энэ ут­гаараа Шигшээ багийг бүрдүүлэх журамд ямар өөрчлөлт оруулж байгаа вэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Хуульд шигшээ багийг олимп дууссанаас хойш 90 хоногийн дотор бүрдүүлэх ёстой гэж заасан байдаг. Тэгэхээр үүнээс өмнө шигшээ багийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэн сайдаар батлуулах ёстой. Журмыг шинэчлэхээр манай ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэгт Монголын Үндэсний олимпийн хороо болон Паралимпийн хороо мөн манай Шигшээ багийн албаас гадна БСШУСЯ-ны Бодлогын газрын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид гээд нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Яг одоо ажлын хэсгийнхэн маань журмаа боловсруулж дуусаад сайдад өргөн барьчихсан.

-Яг ямар өөрчлөлтүүд орсон бэ. Мөн шигшээ багийг өмнө яаж сонгон шалгаруулдаг байсан юм бол?

-Өмнөх журмаасаа айхавтар өөрч­лөгдөөгүй ч тодорхой хэдэн заалт дээр өөрчлөлт орсон. Ингэх­дээ өнөөгийн буюу цаг үеийн байд­лыг харгалзан үзсэн. Гэвч манайхны зарим нь энэ талаар буруу ойлголттой байх шиг байсан. Тухайлбал, нэг хэсэг нь хөрөнгө санхүүгийн асуудлыг улс шийдэж байгаа учраас олимпод оролцох шигшээ багийн тамирчдын нэрсийг улс гаргах ёстой гэцгээж байна. Гэтэл энэ нь хэт өрөөсгөл. Өнөөдөр оффисс дотор сууж байгаа дарга, ажилтнууд тэр олон тармирчдын хэн нь хэн бэ гэдгийг мэдэхгүй шүү дээ. Аль тамирчин нь ямар бэлтгэлтэй бас бэртэлтэй байгааг ч мэдэхгүй. Энэ утгаараа улс тэмцээнд оролцох тамирчин, дасгалжуулагчийг дур мэдэн сонгоно гэдэг өрөөсгөл ойлголт. Мөн нөгөө хэсэг нь сонгон шалгаруулалт, мөнгө төгрөгийг бүгдийг нь холбоо руу нь өгөх ёстой гэж байна. Энэ нь бас л өрөөсгөл. Хэдийгээр мэргэжлийн хүмүүс нь тамирчин, дасгалжуулагчаа сон­гон шалгаруулах нь зөв ч өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж бай­гаа хуулиар санхүүжилтыг хол­боо руу шилжүүлэх эрх зүйн үндэс­лэл байхгүй юм. Иймээс аж­лын хэсгийнхэн хуралдаад нэлээн хэдэн заалт дээр нухацтай ярилцсан. Нэгдсэн шийдэлд хүрсэн. Тухайлбал, шинээр боловсруулсан журамд тухайн тамирчин, дасгал­жуулагчаа мэргэжлийн холбооноос гарсан Сонгон шалгаруулах зөв­лөл нь шалгаруулна. Гэхдээ төр хя­налтаа алдахгүй. Сонгон шал­гаруулах зөвлөлд нь манай газрын Шигшээ багийн албаны дарга, мэргэжилтэн хоёр багтаж тамирчин, дасгалчуулагчийг сон­гон шалгаруулахад оролцоно. Улмаар тухайн холбооноос гарсан шийдвэрийг том буюу Сонгон шалгаруулах зөвлөлтэйгээ ярилцаад өргөн барина гэж.

-Өмнөх журамд мэргэжлийн гэдэг утгаараа тухайн холбоо нь тамирчнаа шалгаруулаад дасгал­жуулагчийг нь Үндэсний шигшээ багийн албанаас томилдог байсан гэсэн. Тэгвэл одоо тамирчин дас­гал­жуулагч хоёрыг тухайн холбоо нь санал болгоод гаргаж ирнэ гэсэн үг үү?

-Тийм. Тухайн холбооны зөвлөл энэ асуудлыг хэлэлцэнэ. Тэр зөвлөлд нь манай Шигшээ багийн албаныхан багтана гэсэн үг.

-Гэхдээ энэ нь сөрөг үр дагавар авчрахгүй юу. Тухайлбал, манай зарим спорт холбоо яг мэргэжлийн болж төлөвшиж чадаагүй. Энэ ч ут­гаараа тамирчин дасгалжуу­лагчийг сонголоо гэхэд магадгүй танил тал, найз нөхдөө арын хаалгаар явуулж мэднэ. Гэтэл үүний нөгөө талд бүхэл бүтэн улс байгаад байдаг. Тухайн тамирчин амжилтгүй оролцлоо гэхэд нэгдүгээрт улсын нэр хүндийн асуудал хоёрдугаарт, эргээд хэнтэй нь хариуцлага ярих вэ гэдэг асуудал сөхөгдөнө шүү дээ?

-Хариуцлагын тухай асуудал яах аргагүй яригдана. Сая болсон “Рио”-гийн олимпод гэхэд манай баг тамирчид амжилт муутай оролцлоо гэсэн шүүмжлэл дагуулсан. Гэвч хэн ч хариуцлага хүлээгээгүй. Нөгөө талаар зарим хүний яриад байгаа шиг манай зарим спорт холбоод бүрэн төлөвшиж чадаагүй юу гэвэл бас л тийм. Гэхдээ бид мэргэжлийн гээд байгаа холбооддоо ажиллах боломжийг нь олгохгүй бол тэд төлөвшихгүй явсаар байх болно. Иймээс хамгийн гол нь холбооддоо төлөвших тэр боломжийг нь гаргаж өгөхийн тулд тодорхой эрх өгөх ёстой. Төлөвших цаг хугацаа, орон зай, тэр боломжийг нь бий болгох ёстой. Тэгж байж холбоод эрхээ эдэлсэн шигээ үүрэг, хариуцлагаа хүлээдэг болно. Ингэж байж зөв тогтолцоо руугаа алхам алхамаар ойртоно.

-Тэгэхээр сул байсан хариуц­лагын асуудал дахин яригдахгүй гэсэн үг үү. Нөгөө талаар таны ярианаас тухайн холбооны санал болгосон тамирчинг шигшээ багт шууд багтах юм байна гэж ойлголоо. Магадгүй энэ тохиолдолд тухайн холбооны ерөнхийлөгч гэж хүн “Би энэ хүмүүсээ оруулна” гээд гөжүүдэлчихвэл яах вэ?

-Шигшээ багийн сонгон шал­гаруу­лал­таар Холбооны зөв­лөлийн тавьсан хүн болгоныг батална гэсэн үг бас биш шүү. Тухайн холбооны Сонгон шалгаруулах зөвлөл нь Үндсэн сонгон шалгаруулах зөвлөл дээрээ асуудлаа танилцуулна. Нэг үгээр хэлбэл, тэр зөвлөлд нь шигшээ багийн хоёр хүн яагаад орж ажиллаад байгаа юм бэ гэвэл иймэрхүү янз бүрийн асуудал гарахаас сэргийлж байгаа юм. Магадгүй холбоо нь хүч түрээд асуудлаа шийдээд ороод ирлээ гэхэд Үндсэн зөвлөл дээр энэ асуудлыг яриад буцаана. Хэрэв үнэхээр тийм асуудал гарвал нэрсийг хэдэн ч удаа буцааж болно. Холбоонд нь тодорхой хугацаанд шаардлага тавиад “Та нар ийм алдаа гаргасан байна. Үүнийгээ засч залруул” гэсэн асуудлыг ярина. Товчхондоо хяналт тавих эрх нь байна гэсэн үг. Ийм тохиолдолд аль нэг холбооны ерөнхийлөгч нь өөрийн дураар, хүссэнээрээ аашлах боломж үндсэндээ үгүй болж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, холбооны ерөнхийлөгч гэдэг хүн тамирчид дасгалчуулагчдаа сонгох эрхээ эдэлж байгаа ч эргээд хариуцлага хүлээнэ гэсэн үг. Хэрвээ ямар нэг асуудал гарвал эргээд манай газраас шаардлага тавина. Түүнийгээ засч сайжруул гэх маягаар.

-Хэрвээ шаардлага хүлээж авахгүй бол яах вэ?

-Магадгүй тийм асуудал гарвал эргээд санхүүжилтыг зогсоох улмаар холбоонд нь дахин хурлаа хий гэсэн шаардлага тавих хэмжээнд асуудал яригдана. Гэхдээ ийм шударга бус зүйл болохгүйн төлөө энэ олон хяналт байгаа учраас айхавтар асуудал гарахгүй байх гэж найдаж байна.

-Гэхдээ саяхан Үндэсний шиг­шээ багийн дасгалжуулагч ярилц­лага өгсөн байсан. Ярилцлагадаа Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалтын эсрэг байр суурь­тай байгаа нь анзаарагдаж байсан?

-Шигшээ багийн даргыг ярилцлага өгөх үед журмаа яг боловсруулж, хэлэлцэж байсан үе. Мэдээж журмаа хэлэлцэж байсан үед санал зөрөлдөх асуудал гарна шүү дээ. Харин ч эсрэг тэсрэг байр суурьтай байж санаа оноогоо ярих тусам сайн. Яагаад гэвэл нэг хүн тулгаж биччихээд түүнийгээ батлуулна гээд дайрвал энэ бол шинэ шинэчлэл биш. Энэ ч утгаараа би ажлын хэсгийнхэнд хэлж байсан. Та нар сайн ярилц. Санаа оноогоо хуваалц. Тэгж байж дундаас чинь сайн зүйл гарна гэсэн үүрэг өгсөн. Тэр ярилцлага гарах үед журмыг хэлэлцэж байсан. Мэдээж хэлэлцэж байгаа юм чинь санал зөрөлдөнө. Түүнээс хойш багагүй цаг хугацаа өнгөрсөн байна. Ажлын хэсгийнхэн хоорондоо ярилцсан. Санаа оноогоо хуваалцсан. Зөрчилдөж байсан асуудлууд дээрээ гарц шийдэл олж нэгдсэн байр суурьт хүрсэн. Одоо түүнийгээ өргөн барьсан. Тэгэхээр асуудалгүй гэж ойлгож болно.

-Сонирхож асуумаар санагдлаа. Ингэхэд манай спорт холбоодын өнөөгийн өнгө төрх ямар байна вэ. Зарим нь дотооддоо учир зүйгээ олохгүй байх шиг харагддаг. Мэдээж удирдлагууд нь ийм байхад тамирчид нь амжилт үзүүлнэ гэдэг бас л…?

-Дээр хэлсэн дээ. Ажлаа авахад нэлээн хүндрэлтэй асуудлууд байсан гэж. Ажлаа авах үедээ би спорт холбоодыг судалж үзсэн. Тэгэхэд зарим нь дотроо хагаралдчихсан байсан. Мөн Олимпийн хороо, Спорт хөгжлийн төв л гэхэд хоёр тийшээ харчихсан байсан. Нэг хэсэг гомдогсод нь нөгөө талдаа гүйж очдог, хэн дуртай нь юу хүссэнээ ярьдаг, ямар ч сахилга батгүй замбараагүй байсан. Иймээс ч ажлаа аваад хийсэн эхний зүйл гэвэл эв нэгдлийг баримтлах. Энэ ч утгаараа эхний ээлжинд Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Паралимпийн хорооны ерөнхийлөгч Ц.Нямхүү, манай БСШУС-ын яамны биеийн тамир, спортын бодлого зохицуулалтын дарга С.Чинбат бид дөрөв ярилцаад дээд байгууллагууд маань нэг талдаа байх ёстой. Дээд байгууллагууд нь атгасан гар шиг байж гэмээнэ доор байгаа холбоод биднийг дагана гэж ярилцсан. Иймээс ч эв нэгдэлтэй байхыг байнга уриалж эхэлсэн. Ер нь өнөөдрийн манай нийгэмд болж л өгвөл талцах маргах, хуваагдах гээд байдаг болж. Иймээс манай тамирчид, холбоод спортын салбарынхан энэ асуудал дээр нэгдэж, эв нэгдэл гэж ямар хүчтэй болохыг нийгэмд бусад салбарт үлгэрлэх ёстой. Ингэж эв нэгдэлтэй байж чадвал ямар амжилтад хүрдгийг 2020 оны олимпоор Монголын ард түмэндээ харуулья гэсэн бодолтой байна. Нэг үгээр хэлбэл, үлгэр жишээ байя л гээд байна. Таны хэлсэн шиг өнөөдөр манай зарим холбоо хэд хэд хуваагдчихсан байна. Би тэдэнд нэгдээд ороод ирвэл хамтарч ажиллахад бэлэн шүү гэж хэлсэн. Үүнийг зарим нь дэмжиж буйгаа илэрхийлсэн. Үнэндээ бид эвлэлдэн нэгдэхгүй бол хэцүү. Зарим холбоо хэдэн хэсэг болчихсон. Энд тэнд тэмцээн зохиодог. Зэрэг цолыг замбараагүй олгодог. Гэхдээ миний хувьд хоёр гурван холбоог заавал татан буугд гэсэн шаардлага тавиад байгаа юм биш шүү. Хамгийн гол нь тэр холбоод нэгдээд, тэмцээнээ нэгдсэн байдлаар зохион байгуулаад шалгарсан тамирчдаа зэрэг цолны комисст оруулж ирдэг болмоор байна гээд байгаа юм. Тэгэхгүй бол сая үнэхээр замбараагаа алдсан. Олимпийн хорооны гишүүн бус холбоо хүртэл зэрэг цолны асуудал оруулж ирж байх жишээтэй. Ер нь сүүлийн үед зэрэг цол олгох асуудал нэлээн хүндэрсэн, замбараагүй болсон. Иймээс бидний дараагийн барьж авах журам нь Зэрэг цол олгох журамд өөрчлөлт оруулах. Үүн дээр манай ажлын хэсгийнхэн давхар ажиллаад явж байна.

Байгаа зүйл, боломжийнхоо хэрээр 2020 оны олимпдоо бэлдээд явна

-Хоёулаа ярилцлагынхаа сэд­­­вийг бага зэрэг өөрчлье. Сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа сэдэв нь Спортын төв ордныг шинэчлэн барих төсөл болоод байна. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ төсөл анх 2012 оноос эхлэн яригдсан юм билээ. Тухайн үед энэ төслийг “Шанхай” констракшныхан хийнэ гээд ТЭЗҮ болон зургийг нь хийсэн. Гэвч энэ нь бүтээгүй. Саяхнаас бид тэдэнтэй эргэж холбоо барьсан. Уг нь Спортын төв ордны ард тодорхой хэмжээний эзэмшил газар байсан. Гэвч түүнийгээ алдчихсан. Иймээс одоо байгаа газар дээр нь спорт энтертайнмент төв байгуулмаар байна гэсэн. Өмнө нь 160 сая ам.доллар гэж байсан бол одоо 110 орчим сая ам.долларын өртөгтэй байхаар ярьж байна. Эдийн засаг хүндэрсэн энэ үед 110 сая ам.доллар гэдэг бага мөнгө биш. Гэхдээ бид аль болох төсөвт дарамт учруулахгүйгээр, төсвөөр дамжуулахгүйгээр шийдэх арга замыг хайж байна.

-Төсөвт дарамт учруулахгүй гэснээс эдийн засаг хямарсан тухай хаа сайгүй ярьж байна. Ингэхэд энэ хямрал танай спортын салбарт хэрхэн тусахаар байна вэ, ирэх жилүүдэд?

-Энэ жилийн төсвийн тодотгол ирэх жилийн төсөвт тодорхой хэмжээний мөнгө суулгасан. Гэхдээ бүгд л мэдэж байгаа. Улсын эдийн засаг хүндрэлтэй байна гэдгийг. Мэдээж энэ хүндрэл спортын салбарт ч бас тусах байх. Гэхдээ бид байгаа зүйл, боломжийнхоо хэрээр 2020 оны олимпдоо бэлдээд явна.

-Ер нь манай улсад олон улсын тэмцээн зохион байгуулах боломж бололцоо хэр байдаг вэ. Тухайлбал, хүүхдийн наадам зохион байгуулна гэж байна л даа. Бэлтгэл ажил гээд чамгүй зүйл шаардах байх. Гэхдээ том тэмцээн зохион байгуулах нь улсын эдийн засагт эргээд нэмэр болдог гэж гадныхан ярьдаг юм билээ. Та ч үүнийг сайн мэдэж байгаа байх?

-Спортыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэдэг ойлголт одоо яригдаад эхэлсэн. Сүүлийн үед дэлхийн бусад улс орон Олон улсын тэмцээн уралдааныг эх нутагтаа зохион байгуулах сонирхолтой болсон. Хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрч эхэлсэн. Хэдийгээр тэмцээн зохион байгуулахад тодорхой хэмжээний мөнгө гарах ч шууд бусаар улсын эдийн засагт их хэмжээний мөнгө ордог. Манайх тэмцээн зохиоход нэг тэрбумыг зарцууллаа гэхэд эргээд зургаа орчим тэрбум төгрөг Монгол Улсын эдийн засаг руу шууд бусаар орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр манайхан энэ чиглэл рүү анхаарал хандуулах цаг болсон. Барилга байгууламжийн хувьд дутагдалтай зүйл бий. Тухайлбал, 2020 оны Азийн хүүхдийн их наадмыг зохион байгуулах тухай асуудлыг хөндөхөд манайд дэлхийн стандартад нийцсэн 50 метрийн бассейн байхгүй байх жишээтэй. Харин шинэ ордонгоо барьчихвал ийм бассейнтай болно. Энэ мэтчилэн олон асуудлыг цогцоор нь шийдэх гээд явж байна. Өөрөөр хэлбэл, 2020 оны Азийн хүүхдийн их наадмыг зохион байгуулахын тулд бид нарт шинээр барилга байгууламж барих шаардлага зүй ёсоор тулгарч байна. Энэ ч үүднээсээ дээрх асуудлыг хамтад нь оруулсан. Ерөнхийдөө 2020 оны Азийн хүүхдийн их наадмыг дангаар нь Засгийн газар руу оруулаад дэмжигдэхээр болж байна. Энэ бол наадам маш том тэмцээн. Манай улсын хувьд бараг олимп гэсэн үг. Учир нь урд өмнө манай улсын түүхэнд ийм олон тамирчин оролцсон, нэг дор цугларсан тэмцээн зохион байгуулагдаж байгаагүй. Иймээс шинээр байгуулагдсан манай хамт олон үүнийг зохион байгуулахын төлөө зориглоод зүтгэж байгаа. Өнгөрсөн жил гэхэд бид Монголынхоо хүүхдийн их наадмыг хийсэн. Нийслэл хотод 2000-3000 хүүхэд цуглуулаад 10 хоногийн турш тэмцээнээ зохион байгуулаад үзчихсэн туршлагатай. Тиймээс Азийн хүүхдийн эх наадмыг эх орондоо зохион байгуулах болмжтой гэж үзэн санал тавьсан. Мэдээж улсаас тодорхой хэмжээний мөнгө гарна. Гэхдээ эргээд түүнээс илүү их мөнгө улсын эдийн засагт орно. Тодруулбал, зочид буудал, тээвэр, аялал жуулчлалын салбарт эргээд мөнгө орж ирэх учраас улсын эдийн засагт томоохон хувь нэмэр болно гэж найдаж байна. Цаашлаад хэрэв бид энэ тэмцээнийг амжилттай зохион байгуулчихвал үүний дараа манайхан ямар ч тэмцээнийг зохион байгуулах боломжтой болно гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, тэр 3000-4000 хүнийг амжилттай хүлээж аваад тэмцээнийг зохион байгуулчих юм бол боловсон хүчний асуудал дээр ч туршлагатай болно гэсэн үг.

-Эцэст нэг зүйлийг тодруулж асууя. Таныг ажлаа авсныхаа дараа нэлээд олон хүнийг ажлаас халлаа гэсэн мэдээлэл гарсан. Зарим нь хууль зөрчсөн гээд баримт хүртэл дэлгэчихсэн байсан. Та халаа сэлгээний асуудалд яаж хандсан юм бэ?

-Ажлаа аваад 13 хүнийг ажлаас нь чөлөөлсөн үнэн. Миний өмнө ажиллаж байсан дарга орон тоогоо хэтрүүлээд дөрвөн хүнийг ажилд авсан байсан. Тэр дөрвөн хүнийг чөлөөлсөн. Дээрээс нь манай бодлогын газраас гурван хүн шилжиж орж ирснийг авсан. Үлдсэн зургаан хүний хувьд мэргэжлийн бус байсан. Иймээс мэргэжлийн хүмүүсийг сольж тавьсан. Мөн хоёр гурван ч хүн дээр хариуцлага тооцсон. Ажлын үр дүн нь үнэхээр хариуцлагагүй байсан учраас хариуцлага тооцохоос өөр арга байгаагүй юм.

-Танд баярлалаа.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж