Ц.Гарамжав: Агаарын бохирдолтой оновчтой аргаар тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2016.12.14-нд нийтлэгдсэн

Ц.Гарамжав: Агаарын бохирдолтой оновчтой аргаар тэмцэнэ

Ц.Гарамжав: Агаарын бохирдолтой тэмцэхэд мөнгөн дүн бус арга зам оновчтой байх ёстой

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжавтай ярилцлаа.


-БОХХАА-ын байнгын хорооны даргатай уулзсаных агаарын бохирдлын талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Олон жилийн турш ярьж байгаа агаарын бохирдол буурсангүй гэх шүүмжлэл их байна. Хамгийн сүүлийн үеийн судалгаа, тоо баримтаас харахад хүний эрүүл мэнд ихээр хохирч байна?

-Агаарын бохирдлын улмаас нийслэлийн хүн амын амьсгалын замын эрхтэний өвчлөл 2005 онд 10 мянган хүн амд  697 байсан бол 2014 онд  1730 болж 2.4 дахин өссөн, мөн цусны эргэлтийн тогтолцооны өвчлөлөөр  2005 онд 494 хүн өвдөж  байсан бол 2014 онд 980 болж 2 дахин нэмэгдсэн байна. Бид агаарын бохирдол гэхээр гэр хорооллын утаа л гээд  байдаг бол тоос тоосонцор, хүчиллэг хий /агаарын бохирдлын үндсэн хийнүүд нь азот, хүхэр, нүүрстөрөгчийн оксидууд байх бөгөөд эдгээр нь усанд уусч хүчил үүсгэдэг байна/ хүний эрүүл мэнд хамгийн хор уршигтай байна. Хүчиллэг хийнүүд болон тоосонцорын хавсарсан үйлчлэл нь хүний эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлж амьсгалын замын болонзүрх судасны өвчлөлд хүргэж байгааг эрдэмтэд тогтоосон байна. Бодит байдал ийм байгаа. Бид агаарын бохирдлоо бууруулж чадахгүй байсаар өнөөдөр ийм аюултай түвшинд хүрсэн. Ганцхан  зуух  тарааснаар бохирдол буурахгүй гэдгийг сүүлийн хэдэн жил харууллаа. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос  шинэ техник технологи, оновчтой туршлагуудыг судалж, харьцуулалт, судалгаа хийж байна.  Өнөөдөр агаарын бохирдолтой тэмцэх, үр дүнд хүрсэн туршлага дэлхий нийтэд байна.

-Одоо бид  юу хийх хэрэгтэй юм бэ?

-Агаарын тухай хууль, Агаарын төлбөрийн тухай хуулийн зарим заалтуудын хэрэгжилт хангалтгүй байна. Тухайлбал, агаарын бохирдлын төлбөр улсын төсөвт орж зориулалтаараа зарцуулагдахгүй, иргэдийн оролцоо, идэвх хангалтгүй, хариуцлагагүйбайна. Тухайлбал, Цэвэр агаар сан болон олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын 90 гаруй хувийг сайжруулсан зуухаар маш хөнгөлөлттэй үнээр хангасан боловч  авсан айл өрхийн 55 хувь нь зуухаа ашигладаг 44.5 хувь нь зуухаа зарж борлуулах замаар үгүй хийсэн байна. Агаарын бохирдолтой тэмцэх  төрийн бодлогын үр нөлөөг сайжруулахын тулд хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж “Цэвэр агаар” санг сэргээх, Агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгож, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих.Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нүүрс шингэрүүлсэн хий гаргах үйлдвэрийг дэмжин ажиллаж, нийслэлийн зарим гэр хорооллын айл өрхийн халаалтыг хийболон эрчим хүчээр  шийдэх автомашины гаргаж буй утаа, хөрсний бохирдлоос үүсэж буй тоосонцорын хэмжээг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг цогцоор нь, уялдаатай хийх шаардлагатай байна. Тоосонцорт агуулагдах бенз(а)пирен, дэгдэмхий органик нэгдэл /VOC/ зэрэг хорт бодисыг тодорхойлох орчин үеийн мэдрэмж сайтай аналитик багажны хүрэлцээ муутай байна. Судалгаа муутайгаар  агаарын бохирдолтой тэмцэнэ гэж байхгүй.

-Агаарын бохирдолтой тэмцэхэд жил бүр хэдэн арван тэрбумаар нь төсөвлөж байсан. Төсөв нь нэмэгдэх хэрээр утаа нь нэмэгдээд байгаа гэдэгтээ та санал нийлж байна уу?

-Сүүлийн зургаан жил Цэвэр агаар сангаар дамжуулан агаарын бохирдлыг бууруулахад 135 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ асар их мөнгө агаарт утаа болсоор л байгааг харж байна. Агаарын бохирдлыг бууруулах ажил нэг компани, нэг байгууллага, албан тушаалтны хийх ажил биш. Төрийн байгууллагууд нэг зорилго, нэг санаа, бодлоготой байж тэмцэнэ.  Эдийн засаг хямралтай байна гээд утаандаа угаартаад суухыг хэн ч хүсэхгүй. Тиймээс төсөвт  агаарын бохирдолтой тэмцэхэд 5 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн. Хамгийн гол нь мөнгөн дүндээ бус үр ашигтай, оновчтой арга замыг сонгох хэрэгтэй.

-Танай байнгын хорооноос Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, сайжруулахаар мэргэжлийн байгууллагынхныг хамруулан хэлэлцүүлэг хийсэн. Стратегийн энэ асуудал  өнөөдөр нэлээд эрчимтэй яригдаж  байна. Үр дүн нь хэзээ мэдрэгдэх вэ?

-Нийслэлчүүдийн эрүүл мэнд, амь нас, байгаль экологид хамгийн тулгамдсан асуудлын нэг нь Төв цэвэрлэх байгууламж болчихоод байна. Өдгөө 50 гаруй жил ажиллаж байгаа, технологийн хувьд хоцрогдсон шийдэлтэй, байгаль орчин, хөрс, агаарт маш их бохирдол бий болгодог байгууламж болжээ. Үүнээс болж Туул голын бохирдол тулгамдсан хүнд сэдэв болсон. Манай байнгын хорооныхон есдүгээр сард газар дээр нь очиж бодит байдалтай танилцах үеэр мэргэжилтнүүд нэн даруй шинэ цэвэрлэх байгууламжтай болохгүй бол өнөөдрийнхөөс аюултай гамшиг нүүрлэнэ гэдгийг хэлж байсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хүн ам 1.430.000 байгаа, 2030 гэхэд 1.760.000 хүрнэ гэж статистикчид тооцоолсон байна.

Тиймээс мэргэжлийн байгууллагынхан, гадаадын хөрөнгө оруулагчид,  УИХ-ын гишүүд, холбогдох яамдын сайд нарыг оролцуулан нээлттэй хэлэлцүүлгийг хийсэн. Энэ салбарын мэргэжилтнүүд шинээр цэвэрлэх байгууламж барих шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн. Эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөө үед  700 тэрбум төгрөгөөр шинэ цэвэрлэх байгууламж барих тухай бодох ч хэрэггүй гэж хэлэх хүн олон байгаа. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл тусламжаар шийдэж болох боломж, гарц гарч ирсэн. Үүнийг алдаж болохгүй. Манай хэлэлцүүлгээс Засгийн газарт зөвлөмж гаргасан байгаа. Зөвлөмжид монгол орны цаг уурын нөхцөлд тохирох, байгаль болон хүний эрүүл мэндэд ээлтэй, хаягдлыг бордоо, энергийн эх үүсвэрээр эргүүлэн ашигладаг эко технологитой, механик биологийнхоос гадна химийн цэвэрлэгээ хийх, бүрэн автомат тохиргоотой, орчин үеийн техник, технологитой байхыг тусгасан. Засгийн газар үүний дагуу ажиллаж байгаа.

Төв цэвэрлэх байгууламжийн асуудал нийслэлчүүдийн агаарын бохирдол, эрүүл мэнд, байгаль экологитой шууд холбоотой. Энэ бүх асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай.

-Малчин тариаланчдыг талцуулсан гэх Бэлчээрийн тухай хууль яригдаад удаж байна. Төр зохицуулалт энэ салбарт үгүйлэгдэж байна гэх?

-2000 оноос хойш Бэлчээрийн тухай хуулийн төслийг 4 парламент дамжин хэлэлцсэн нь өнөөдрийг хүртэл батлагдсангүй. Асуудлыг дан ганц хууль гарснаар шийдвэрлэж чадахгүй гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөдөг чтөрийн байгууллага, мэргэжлийнхний байр суурь зөрүүтэй байсаар байна. Миний бодлоор мал аж ахуйн салбар тэр дундаа бэлчээрийн асуудалд хандах хандлагаа өөрчлөх, төрөөс үр дүнтэй нэгдсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.  Сүүлийн үеийн судалгаанаас харахад Монгол орны бэлчээрийн 65 хувь нь унаган байдлаа алдаж, доройтсон, үүнээс 7 хувь эргэж сэргэхгүй хэмжээнд хүрчээ. Малын тоо толгой хэт өссөнөөс бэлчээрийг дөрвөн улирлаар сэлгэж, ган зудын үед ашиглах отрын нөөц нутаггүй болсноор байгалийн бэрхшээлийг даван туулахад бэрхшээлтэй болж, малчдад их хэмжээний хохирол учрах болсон. 2009-2010 оны зуднаар гэхэд л 9,7 сая мал хорогдож, 527 тэрбум төгрөгийн хохирол учирч, тухайн үед нийт малчин өрхийн 32,7 хувь малынхаа 50-иас дээш хувийг алдсан бол 8,7 хувь нь огт малгүй болсон юм. Энэ бол мал сүргийн үүлдэр, угсааг сайжруулахад анхааралгүй зөвхөн тоо толгой хөөцөлдсөний нэг сөрөг үр дагавар. Эдийн засгийн үзүүлэлт талаас нь авч үзвэл зөвхөн ноос, ноолуур, мах гэсэн гуравхан үзүүлэлтээр тооцоход орлогын алдагдал жил бүр нэг малчин өрхөд 2,6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөг болж байгаа юм. Иймд мал аж ахуй, бэлчээрийн даацыг зөвхөн хуулиар зохицуулаад зогсохгүй, малын гаралтай түүхийн эдийг эдийн засгийн зөв эргэлтэд оруулах, газрыг ашиглах, эзэмших харилцааг нарийвчлан зохицуулах, орон нутгийн засаглалын менежментийг сайжруулах, малын эрүүл мэндийн анхаарах, газар тариалангийн чиглэлийн газрын хэмжээ хязгаарыг шинэчлэн тогтоох, малчдад хариуцлага оногдуулах, бэлчээрийн төлбөртэй болгох зэрэг асуудлыг хөндөх хэрэгтэй байна.

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөр хэдий хугацаанд үр дүнгээ өгнө гэж та харж байна?

-Энэ хөтөлбөрт 20,30  хуулийг баталж байж үр дүнг үзтэл ихээхэн цаг хугацаа орно. Энэ хүндрэлийг давахад оновчтой, үр дүнтэй шийдвэрлэх хамгийн гол гарц нь бид олон тулгуурт эдийн засгийн бодлогоо чиг болгож, хөрөнгийг зөв зүйтэй зарцуулахад дэлхий нийтийн чиг хандлага болж буй мэдлэгт суурилсан инновацид түшиглэх шаардлагатай байна. Энэ нь өргөн хүрээний ойлголт бөгөөд  хамгийн сүүлийн үеийн техник, технологийг нэвтрүүлснээр их хэмжээний үргүй зардлыг хэмнэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шийдвэрлэж чадахгүй асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв зам, гарцыг олдог зэрэг олон улсын туршлагыг нэвтрүүлж, нутагшуулах хэрэгтэй.

-Дахин цаг үеийн нэг зүйл асууя. Далай ламын айлчлалын дараа Монголд X Богд тодорсон нь тодорхой болсон. Улстөрчдийн хүүхдүүдээс тодруулсан гээд байгаа. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байгаа вэ?

-X Богдыг улстөр, бизнесийн ямар нэг сонирхолд хөтлөгдөж тодруулахгүй байлгүй дээ.  Улстөрчдийн хүүхдүүдийг оролцуулсан гээд олон хүнийг хардаж байгаа. Миний хувьд ийм зүйлд хүүхдээ, ач зээгээ оруулаагүй, тийм бодол, зорилго байхгүй.

Г.ТӨМӨРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж