Энэ долоо хоногийн сүүлчээр Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөсөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2016.12.13/ Японы сэтгүүлчдэд ярилцлага өгсөн байна. Тэрбээр Ниппон телевиз болон “Иомиүри Шимбүн” сонины сэтгүүлчидтэй уулзжээ.
Энэ үеэр өрөөндөө Юмэ нэртэй том нохойгоо дагуулж ирсэн нь япон сэтгүүлчдийг айлгаж орхисон гэнэ. Акита үүлдрийн дөрвөн настай нохой нь зургийн аппаратны чимээнд чанга гэгч нь хуцаж, сэтгүүлчид байрнаасаа ч хөдөлж чадалгүй хөшчихсөн аж. Эрхэм ерөнхийлөгч харин нохойгоо дуудаж, хэд хэдэн авьяасыг нь харуулжээ. “Болгоомжилсон чинь аргагүй ээ. Юмэ дэмий хуцдаггүй юм. Маш олон хүн байсан, дээр нь камерын гэрэл анивчиж, чимээ гарч байсан болохоор аргагүй биз” хэмээн ерөнхийлөгч хэлсэн гэнэ.
Японд 2011 онд болсон газар хөдлөлт, цунамийн гамшгийн хохирлыг даван туулахад ОХУ-ын үзүүлсэн тусламжид талархсанаа илэрхийлж, Японы талаас дөрвөн жилийн өмнө түүнд акита үүлдрийн нохой бэлэглэсэн юм. ОХУ-ын төрийн тэргүүн хэзээнээс нохойд хайртай нэгэн гэнэ. Улстөрийн хүрээний энэ мэт арга хэмжээнд Путины нохой байлцсан удаа ганц нэгээр дуусахгүй. 2007 оны нэгдүгээр сард Германы канцлер Ангела Меркельтэй уулзахдаа ерөнхийлөгч Путин Кони нэртэй лабрадор нохойгоо авчирч байжээ.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Японы сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагынхаа үеэр Владимир Путин 1956 оны хоёр улсын хамтарсан тунхаг бичгийн заалтуудыг чухалчилж байгаагаа онцолжээ. Тунхагт талууд энхийн гэрээ байгуулсны дараа дөрвөн арлын хоёрыг нь буюу Хабомай, Шикотон арлыг Японы талд шилжүүлэн өгөхөөр тусгасан байдаг аж. Тиймээс дөрвөн арлыг буцааж авах гэсэн Японы талын санаархал нь тунхаг бичгээс давсан асуудал гэж үзэж буйгаа ОХУ-ын ерөнхийлөгч илэрхийлжээ.
С.ЦЭЛМЭГ