Хуульч, судлаач Х.Бат-Ялалтыг дэмжигчдийн зүгээс өнөөдөр /2016.12.14/ “Зууны мэдээ” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд “Хуульч, судлаач Хадбаатарын Бат-Ялалтыг хэн сайн мэдэх вэ” гэсэн сэдвийн дор сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаж байгаа талаараа мэдээлэв.
Дээрх сэдвийн хүрээнд сонин, сайт, дэлгэцийн баримтат хөрөг нийтлэлийг олны анхаарлыг татаж, нийгмийн сэтгэлзүйд хүрч, бодлого шийдвэр гаргахад нөлөөлөхүйц, асуудал шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн төрийн бодлого, төрийн үйл ажиллагаанд байгаа алдаа дутагдалд судлаачийн бүтээлийн гарц, шийдэл хэрхэн нийцэж байгаа болон ач холбогдлыг тодорхой тусгасан байх аж.
Хуульч, судлаач Х.Бат-Ялалтыг дэмжигчдийн зүгээс хэлэхдээ “2006 он буюу одоогоос арван жилийн өмнө “Шүүхийг шүүе” гэсэн цуглаанийг Х.Бат-Ялалт хийж байлаа. Тухайн үед энэ цуглааныг хийх үед хүмүүс айж байсан. Шударга бус үйлдлээс болж хохирсон олон иргэд “Шүүхийг шүүе” цуглаанд идэвхтэй оролцож байсан юм. Өнөө цагт шударга үнэнийг хэлдэг хүн ховор болжээ. Энэ цагт иргэдийнхээ төлөө үнэнийг хэлдэг цөөн хүний нэг бол Х.Бат-Ялалт юм. Тэр бол үнэний төлөө, ард иргэдийн сайн сайхны төлөө тэмцэж ирсэн хүн. Түүний “Хүний эрхийн онол”, “Нийгмийн хөгжлийн үе шатууд”, “Засаглал хуваах тэгш хэмийн онол” болон өнгөрсөн арван жилийн хугацаанд хийсэн ажил хөдөлмөрийг алдаршуулах зорилготой энэ уралдааныг бид зарлалаа. Х.Бат-Ялалтыг дэмжигчид бид өөрсдийн санаачлагаар бодитой дэмжлэг үзүүлж байж шударга, мэдлэгтэй боловсролтой, ард иргэдээ гэсэн чин сэтгэлтэй залуугийнхаа орон зайг бий болгох үүднээс санхүүжилт босгож, энэхүү уралдааныг зарласан. Хүмүүс өнөөдөр өөрт тулгамдсан асуудлаа “Иргэдийн шударг Шүүх” ТББ-д нэг удаа хандаад шийдвэрлүүлээд сэтгэл амарчихна гэвэл худлаа. Төр засгийн буруу бодлого, шийдвэр, төрийн байгууллагын эмх замбараагүй байдал, хүнээ гэхээсээ илүүтэйгээр амин хувийн болон бүлэглэлийн эрх ашигт үйлчилсэн байдал нь бидний алхам дутамд асуудал үүсгэж, Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болдог. Ийм үед ард иргэдийнхээ тэмцэж чадсан хүний нэг бол хуульч, судлаач Х.Бат-Ялалт юм” гэлээ.
“Хуульч, судлаач Хадбаатарын Бат-Ялалтыг хэн сайн мэдэх вэ” гэсэн сэдвийн дор болж буй уралдааныг 2016 оны арванхоёрдугаар сарын 14-өөс эхлэн 2017 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд зарлаж байгаа аж. Уралдааныг сонин, сайтын хөрөг нийтлэл, видео контент гэсэн төрөлд зарласан бөгөөд бүтээлийг Хадбаатарын Бат-Ялалтыг дэмжигч фэйж хуудсаар болон I.tungalagtuya@yahoo.com хаягаар авах юм байна.
Уралдааны сонин, сайтын хөрөг нийтлэлд түрүүлсэн бүтээлийг 800 мянга, хоёрдугаар байрыг 500 мянган төгрөгөөр урамшуулах аж. Мөн видео контентын шилдэг нэг бүтээлийг 2 сая 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал хүлээж байгаа юм байна.
“Хуульч, судлаач Хадбаатарын Бат-Ялалтыг хэн сайн мэдэх вэ” бүтээлийн уралдаанд оролцох хүсэгчдийг арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 14.00 цагаас Иргэдийн Шударга Шүүх Төрийн бус байгууллагын байранд ирж, уралдаан зарласан бүтээлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг Хуульч, судлаач Х.Бат-Ялалтыг дэмжигчдийн зүгээс хэллээ.
Ч.БОЛОР