Хүннү, Чингисийн түүхээс ярилцав

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Хүннү, Чингисийн түүхээс ярилцав

Төрийн ордонд өнөөдөр “Хүннүгийн ба
Чингисийн их гүрний монголчууд: оршихуй, соёл, оюун санаа” сэдвийн дор
үндэсний II симпозиум боллоо. Монголын тулгар төрийн 2220 жилийн ойд
зориулсан уг арга хэмжээг Чингис хааны менежментийн холбоо, Олон улс
судлалын дээд сургуулиас зохион байгуулсан юм. Чингис хааны менежментийн
холбооны тэргүүн Д.Энхтайван симпозиумыг нээж, “Чингис хааны байгуулсан
Их Монгол Улсын түүхэн язгуур нь 2220 гаруй жилийн өмнө оршин тогтнож
байсан Хүннү гүрний түүхтэй холбоотой болохыг Монголын ба гадаадын олон
эрдэмтэн судлан тогтоогоод байна. Хүннү гүрний эзлэн оршиж асан
Евроазийн уудам дэлгэр нутагт хэдэн мянган жилийн тэртээгээс өнөөгийн
монголчуудын өвөг дээдэс болох овог монголчууд оршин байжээ. Одоогийн
бидний монголчууд тэр цагаас хойш цагийг эзлэн түүхийг бүтээн уугуул
нутагтаа оршин суусаар бөлгөө. Хүннүчүүд нь монголчуудтай гарвал угсаа,
түүх соёл, иргэншлээрээ нягт холбоотой байсныг судлан тогтоосоор байна.
Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсад Хүннү гүрнээс уламжилсан
зүйл олон байжээ” гэлээ.

Симпозиумын үеэр олон судлаач илтгэл тавьсан юм. “Ачийг ачаар, өсийг
өсөөр, амийг амиар, цусыг цусаар” гэсэн зарчим Хүннүгийн үеэс мөрдөгдөж
ирсэн байна.

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн дэд профессор А.Пунцаг Хятад дахь Чингис
судлалын асуудлаар тойм илтгэл тавьсан юм. А.Пунцаг “Би цаг, төрийн
эрхээр өвөрлөгч нутагт төрж 1990 онд Монголд ардчилал гарахад “Хүний
эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов” гэсэн ардынхаа үгээр Монгол Улсад
ирж, 1992 онд ШУА-ийн докторантурт элсч 1996 оноос ШУА-д ажиллж байна”
хэмээн яриагаа эхлэв.

Хятадад 1980-аад оноос Монгол  судлал, Чингис судлал эрчимтэй эхэлжээ.
Чингис хааны тухай кино тавыг бүтээж олон арван судалгаа, шинжилгээний
бүтээл туурвисан байна. Өвөрмонголчууд Чингис хааныг өөрийн оршин
тогтнохын оюун санааны тулгуур гэж үздэг, түүний сайн талыг харуулахыг
хичээдэг бол хятад эрдэмтэд магтах, шүүмжлэхийг хослуулдаг гэнэ. Хятадад
2006 онд Монгол үндэстний бүрэн түүх хэмээх ном гарчээ. Түүнд
“Тэнгэрийн хөвгүүн Тэмүүжин дэлхийг төвшигтгөгч, монгол туургатныг
нэгтгэсэн нь Чингисийн гавьяа” хэмээн бичсэн байдаг аж. Зарим бүтээлд
Чингис хаан бол Монголын баатар төдийгүй Дундад улсыг баатар. Дундад
улсын хүн гэхчлэн бичсэн байдаг гэнэ.

“Мөнх тэнгэрийн онолыг Чингис хаан нээсэн. Мөнх тэнгэрийн онолыг хүний
хүчин зүйлтэй хамтатгаж үзсэн. Өүлэн эх бол Чингис хааны оюун санааны
эхийг тавигч. Алунгоо эх Тэнгэр заяаны онолоор хөвгүүдээ хүмүүжүүлсэн”
гэж ном зохиолуудад дурдсан байдаг аж.

Симпозиумд оролцогчид Их засаг хууль бол Монголын амьдралаас үүдсэн, хамгийн тохиромжтой хууль байсан гэдгийг тэмдэглэцгээлээ.


                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж