Нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга нараас одоо ганцхан Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоо хүлээгдэж байгаа билээ.
“Тус дүүргийн сонгуулийн хороо Ардчилсан нам /АН/-ын зургаан гишүүний нэрийг жагсаалтаас хассан. Үүнийг хууль бус үйлдэл хэмээн дүүргийн АН-ынхан шүүхэд хандаж, улмаар энэ асуудал шүүхийн шатанд явж байгаа тул Засаг даргын томилгоо хүлээгдэж байгаа” хэмээн өнөөдөр /2016.12.14/ нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээллээ.
Хоёр шалтгааны улмаас Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоо удааширсан гэж тэрбээр тайлбарлав.
Нэгдүгээрт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 26.2, 26.3 дугаарт зааснаар дүүргийн Засаг даргыг томилохдоо дүүргийн ИТХ-ын шийдвэрийг үндэслэдэг. Дүүргийн ИТХ анхдугаар хуралдаанаараа төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргаж, түүнийгээ нийслэлийн Засаг даргад уламжлах учиртай. Энэ шийдвэр албан ёсоор нийслэлийн Засаг даргад ирээгүй байгаа аж.
Хоёрдугаарт, дүүргийн АН-ын зургаан гишүүнийг хууль бусаар жагсаалтаас хассан асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж, эцсийн хариуг хүлээж байгаа гэв.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Захиргааны хэргийн анхан шатны шийдвэр гарсан боловч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр түдгэлзсэн гэсэн үг. Одоо шүүхийн хариуг хүлээж байна. Ийм нөхцөл үүссэн тул Нийслэлийн Засаг дарга С.Батболд Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилох боломжгүй байна. Түүнээс биш нийслэлийн Засаг дарга улс төржиж, аль нэг нам эвслийн байр суурь баримталсан зүйл байхгүй.Үүнээс гадна тухайн дүүрэгт аль нам олонхи бэ гэдэг нь ч шүүхийн шийдвэрээс шалтгаалахаар байна. Өөрөөр хэлбэл, 41 төлөөлөгчийн 35-ынх нь бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзвэл МАН-ын 19 төлөөлөгч олонхи болно. Хэрэв шүүхийн шийдвэр эцэслэн гараад 41-ээр нь тооцвол АН олонхи болно. Үүнээс үзэхэд олонхи хэн бэ гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй байна. Ийм л асуудал бий” гэлээ.
Тэрбээр нөхцөл байдлын талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өгөв.
-Давж заалдах шатны шүүх хурал хэзээ товлогдсон бэ. Энэ хугацаанд төрийн ажил цалгардах асуудал үүсэх сөрөг талтай?
-Засаг даргын зүгээс дүүргийн ИТХ-д гурван удаа бичиг явуулсан. Хурлаа хуулийн дагуу хийж, төлөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрсөн шийдвэрийг албан ёсоор гаргах тухай. Гэвч одоог хүртэл албан ёсны шийдвэр ирүүлээгүй. Давж заалдах гомдол гаргаснаас хойш 21 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэх хуультай байдаг.
-Дүүргийн ИТХ-аас хоёр удаа хуралдаж, шийдвэрээ нийслэлийн Засаг даргад удаа дараа өгсөн гэж мэдээлээд байгаа. Энэ ямар учиртай юм бол?
-Хоёр намынхан өөр өөр газарт хэсэг хэсгээрээ хуралдаад байгаа. Албан ёсоор хуралдаж, төлөөлөгчдийнхөө бүрэн эрхийг дүүргийнхээ сонгуулийн хорооноос өргөн мэдүүлсний дагуу гаргасан шийдвэр бидний гар дээр ирээгүй байна.
Дашрамд дуулгахад, энэ асуудлаар өчигдөр /2016.12.13/ Баянзүрх дүүргийн АН, ИТХ-аас мэдээлэл хийхдээ “Баянзүрх дүүргийн ИТХ-ын хурлыг хоёр удаа хийж, шийдвэрээ хотын даргад удаа дараа уламжилсан. Гэсэн ч энэ хугацаанд дүүргийн Засаг дарга томилох үүргээ биелүүлж ажиллаагүй. Тиймээс нийслэлийн Засаг дарга С.Батболдыг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр шүүхэд өгч байгаа. Захиргааны хэргийн шүүхийн хариу Зургаан гишүүнийг жагсаалтаас хууль бусаар хассан” гэж гарсан" гэж ярьсан.
Хэвлэлийг бага хурлын мэдээллийг ЭНД-ээс үзнэ үү.
Б.ЗАЯА
ЗУРАГЛААЧ: Ц.АРИУНБОЛД