Банкны захирлууд дүрмийн сангаа 16 тэрбумд хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Банкны захирлууд дүрмийн сангаа 16 тэрбумд хүргэнэ

БАНКНЫ ЗАХИРЛУУД ДҮРМИЙН САНГАА 16 ТЭРБУМД ХҮРГЭХ
 ДААЛГАВАР АВЛАА
ЦАХИЛГААН, ДУЛААН, НҮҮРСНИЙ ҮНЭ Ч НЭМЭГДЭХ БОЛОЛТОЙ

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хо­ногт болсон нэгэн онцлох үйл явдал нь “Найм­дугаар сарын 1-ээс нүүрсний тээвэр­лэл­тийн тарифыг одоо байгаа үнээс нь 15 ху­виар нэмнэ” гэсэн мэдээлэл байв. Нүүрсний тээвэрлэлтийн үнийг ийнхүү нэмсэнээр цахилгаан, дулаанаас авахуулаад бүхий л ба­раа, үйлчилгээний  үнэ нэмэгдэх магадлал өн­дөр тул ийн онцолж байна. Эдийн засагчид ч “Нүүрсний тээвэрлэлтийн тарифыг нэмсэнтэй холбоотойгоор цахилгаан, дулааны үнэ тодор­хой хэмжээгээр нэмэгдэнэ” хэмээн баталж байгаа юм. “Улаанбаатар төмөр зам” хувь ний­лүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд  тээвэр­лэлтийн үнийг яагаад нэмж буй талаараа тайлбар өгчээ. Тэдний хэлж буйгаар тус ний­гэмлэг өнгөрсөн онд 5.7 сая тонн нүүрс тээвэрлэсэн. Улмаар дээрх хэмжээний нүүрсийг хямд үнээр тээвэрлэснээс болж 16 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан аж. Ер нь бол жилийн жилд алдагдалтай ажилласаар ир­сэн гэнэ. Харин энэ жил дизель түлшний үнэ нэмэгдсэнээс болж алдагдлын хэмжээ нэмэгдэж болзошгүй хэмээн тооцоолсны үндсэн дээр дээрх шийдвэрийг гаргажээ.  Нүүрс тээвэрлэлтийн үнийг 15 хувь нэмсэнээр  нэг тонн нүүрсийг нэг километрт тээвэрлэх  зар­дал 18 төгрөг болж байгаа. Гэхдээ нүүрсний тээ­вэрлэлтийн тарифыг 15 хувиар нэмсэнээр алдагдалгүй ажиллаж чадахгүй хэмээн мэдэгдсэнийг энд онцолъё. Тодруулбал, одоо мөр­дөж байгаа тарифыг 38 хүртэлх хувиар нэ­мэгдүүлж байж л “Улаанбаатар төмөр зам” ямар нэг алдагдалгүй ажиллах ажээ. Тэгэхээр алдагдалгүй ажиллахын тулд үнийг шат дараа­тайгаар нэмэгдүүлнэ гэсэн үг.  Ямартай ч нүүрс тээвэрлэлтийн үнийг эхний ээлжинд 15 хувиар нэмэх нь нэгэнт тодорхой боллоо. Нүүрсний уурхай, цахилгаан станцуудын алдагдал “Улаан­баатар төмөр зам”-ынхаас илүү гарна уу гэхээс нэг их дутахгүй.  Тэр ч бүү хэл ихэнх нүүрсний уурхай алдагдалтай ажиллаж, өр нь үндсэн хөрөнгийн хэмжээнээс нь давж гарсан байдалтай байгаа билээ. Тиймээс тэд ч “Улаанбаатар төмөр зам”-ынхны гаргасан шийд­вэрийг сонсоод нэгийг бодож байгаа нь дамжиггүй. Харин нүүрсний тээвэрлэлтийн тарифыг нэмсэн нь экспортод төдийлөн нөлөөлөхгүй гэнэ. Товчхондоо, Хятад, Оросын хил дээрх компаниудын нүүрсний экспортод төдийлөн нөлөөлөхгүй гэж эдийн засагчид үзэж байгаа ажээ. Учир нь Монголоос эдгээр улс руу зөвхөн хүнд даацын ачааны машинаар тээ­вэр­лэлт явуулдаг билээ.

16 ТЭРБУМААС ДЭЭШ ХӨРӨНГӨТЭЙ ДӨРВӨН БАНК БАЙНА

Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж арил­жааны банкуудын дүрмийн сантай хол­боотой нэгэн шийдвэрийг энэ сарын эхээр гаргаснаа өнгөрсөн долоо хоногт зарлав. Тод­­руулбал, тэрбээр арилжааны банкуудын захи­рал, ТУЗ-ийн гишүүд, хувь эзэмшигчидэд “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 16 тэрбум төгрөг байхаар тогтоолоо. Уг шийдвэрийн дагуу дүрмийн санг 2013 оны тавдугаар сарын 1-ий өдөр заасан хэм­жээнд хүргэ” гэсэн даалгаврыг өгсөн юм.  Энэ шийдвэрийг гаргахаас өмнө арилжааны бан­кууд “Банкуудын дүрмийн сан найман тэр­бум төгрөг байна” гэсэн журмыг мөрдөж байв. Дүрмийн сан хэдий чинээ их байна банкны эрсдэл даах чадвар төдий чинээ их байна гэсэн үг. Бас энэ хариуцлагатай байх нэг том үзүүлэлт юм. Ямартай ч манай улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 14 банкны дөрвийнх нь дүрмийн сан одоогоор 16 тэрбум төгрөгөөс их байна. Харин үлдсэн 10-д нь 2013 оны тавдугаар сар хүртэл дүр­мийн сангаа 16 тэрбум төгрөгт хүргэх ажил үлдлээ. Төв банкны зүгээс эрсдэлийг тоо­цож, судалгаа хийсний үндсэн дээр дээрх шийд­вэрийг гаргасан гэж мэдээлсэн. Энэ нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд хангалттай хугацаа гэнэ. Тус банк арилжааны банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шийдвэрийг шат дараатай авч буй. Одоогоос таван жилийн өмнө буюу 2006 оны гуравдугаар сард банкуудын дүрмийн сан дөрвөн тэрбум төгрөг байсныг найман тэрбум төгрөг болгох шийдвэрийг гаргаж байв. Монголбанкнаас энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх долоо хоногт хийх ээлжит хэвлэлийн хурлын үеэр өгөх ажээ. Дашрамд дурьдахад, “Хадгаламж” банкны өөрийн хөрөнгө  хамгийн их буюу 60 тэрбум төгрөг байна. Харин “Чингис хаан” банк 39 тэрбум 273 сая 246 мянга, “Төрийн банк” 28 тэрбум, “Голомт” банк 21 тэрбум 934 сая 141 мянган төгрөгийн дүрмийн сантайгаар удаах байрыг эзэлж байгаа билээ. ХААН банк одоогоор 12 тэрбум 994 сая төгрөгийн хө­рөнгөтэй  бол “Кредит” банк 14 тэрбум гаруй, “Хас” банк 13 тэрбум 290, “Худалдаа хөгж­лийн банк” 14 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байгаа юм. Хамгийн бага буюу найман тэрбум төгрөгийн дүрмийн сантай  банкууд нь Үндэсний хөрөнгө оруулалт, Капитал, Капитрон, Эрэл, Тээвэр хөгжлийн банк, Улаанбаатар банкууд байна.

  

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО ҮҮРГЭЭ ХЭР БИЕЛҮҮЛЭВ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны­хон өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулсан юм. Тус байнгын хороо чуул­ганы туршид нийтдээ 22 удаа, хуулийн тө­сөл хэлэлцүүлэгт бэлтгэх болон хяналтын чиг­лэлээр хорооноос байгуулагдсан ажлын хэсэг нь 70 гаруй удаа хуралджээ. Нийт 280 гаруй цаг хуралдсан гэнэ. Эдийн засгийн байнгын хо­рооныхон ажлаа тайлагнах үеэрээ “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж УИХ-аас шийдвэр гаргахад анхаарч ажиллалаа. Бас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцүүлж батлуулах,  2010 оны улсын төсвийн гүйцэтгэлийн талаар санал, дүгнэлт гаргахад ч гол анхаарлаа хандуулсан” гэ­сэн юм. Гэхдээ тус байнгын хорооныхны гол анхаарлаа хандуулсан гэх ирэх онд мөр­дөх Үндсэн чиглэлийн төслийг хаврын чуул­ганаар баталж чадаагүй. Бас хэзээ батлах нь ч тодорхойгүй байгаа юм. Ямартай ч тус байнгын хороо хаврын чуулганы хугацаанд эдгээрээс гадна давхардсан тоогоор 40 гаруй асуудал хэлэлцжээ. Үүнд нь Хадгаламж,  зээлийн хоршооны тухай, Зээлийн мэдээллийн тухай, Компанийн тухай зэрэг томоохон хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж оруулах, хянан шалгах үйл ажиллагааны чиглэ­лээр зарим хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцах ажил багтсан байна.

Т.УРАНГЭРЭЛ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж