Согтуугаар жолоо барьж жолоодох эрхээ тодорхой хугацаагаар хасуулсан жолооч 2016 он гарсаар 30 орчим мянгад хүрчээ. Харин жолоодох эрхээ хасуулсан ч дахин согтуугаар машинаа унасан 4186 жолооч байна. Дахин дахин хууль зөрчсөн эдгээр жолооч нарыг цагдаа нар одоог хүртэл шийтгээгүй гэлээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтуугаар жолоо барьсан жолоочийг 384 мянган төгрөгөөр торгоод, 30 хүртэлх хоногоор баривчилна гэж заасан ч хэн хэрэгжүүлэхийг нь тусгаагүй юм. Тиймээс согтуу жолоочид хариуцлага тооцох хуулийн заалт амьдрал дээр хэрэгжиж чадахгүй, гацаанд оржээ.
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүд дунд ханиад, томуугийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан 0-5 настай хүүхдүүдийн эмийн үнийг 100 хувь чөлөөлөхөөр боллоо. Мөн хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн зардлыг 100 хувь төрөөс болгох шийдвэрийг өчигдөр /2016.12.15/ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргалаа.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хамгийн сүүлийн зураглалаар Монгол Улсын нийт нутгийн 70 хувь нь зудын эрсдэлтэй төвшинд байгааг дурьджээ. Энэ талаар өчигдөр /2016.12.15/ Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны /ХХААХҮЯ/ Мал аж ахуй, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш мэдээллээ. Ялангуяа Ховд аймгийн Үенч, Алтай сум, Увс аймгийн хойд 5-6 сум, Завхан аймгийн хойд зургаан сум, Булган, Архангай, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймагт цасны зузаан нэмэгдэж, хатуурсан. Улмаар өвөлжилт хүндэрч болзошгүй болжээ.
Монгол Улсад 2016 оны байдлаар нийт хүн амын 10 хувь нь элэгний С вирустай гэсэн судалгаа гарчээ. Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөрт 2020 он гэхэд элэгний С вирусын голомтыг устгана гэж тусгасан. 2016 оны есдүгээр сарын байдлаар элэгний С вирустай гэх 18-аас дээш насны 4681 хүн вирусын эсрэг эм уусан нь 98,9 хувийн эерэг үзүүлэлттэй гарчээ. Тиймээс элэгний С вирусын эсрэг эмийн үнийг хөнгөлөх чиглэлээр Нийгмийн даатгалын зөвлөл хуралдаж, нэг хайрцаг эмнээс 210 мянган төгрөг хөнгөлөхөөр боллоо.
Монголын боксын холбооноос 2016 оны шилдэг тамирчдаа тодрууллаа. Эрэгтэй боксын тамирчдаас шилдгийн шилдгээр “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай орсон. Тэгвэл түүний араас ОУХМ Э.Цэндбаатар, Б.Чинзориг, Х.Энх-Амар, Б.Түвшинбат, Г.Ган-Эрдэнэ, А.Нурлан, Г.Баярхүү, О.Батхүү, Н.Шинэбаяр нар бичигджээ.
Ганц модны боомтоор нэвтэрч, Хятадын хил рүү гарч байгаа Монголын түүхий эдээс энэ сарын 1-нээс эхлэн хураамж авч эхэлсэн. Уг шийдвэрийн дагуу Монголоос экспортод гарч буй зэсээс тонн тутмын үнэ 10 мянган юаниас давсан тохиолдолд экспортын дүнгийн хоёр хувьтай тэнцэх хураамж авах болсон. Үүнээс болж “Оюутолгой” компани зэсийн баяжмалын тээвэрлэлтийг энэ сарын 1-нээс эхлэн зогсоож, экспортоо хэзээ эхлүүлэх нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл “Туркиз Хилл Ресурс” компанийн зүгээс “Оюу Толгой” зэсийн баяжмалаа БНХАУ руу тээвэрлэж эхэлсэн талаар албан ёсоор мэдэгдлээ.
БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди өнгөрсөн 2015 оны тавдугаар сард Монгол Улсын албан ёсны айлчлал хийхдээ манай улсад нэг тэрбум ам.долларын зээл олгохоо мэдэгдсэн билээ. Монголын Засгийн газар, БНЭУ-ын “Экспорт-Импорт” банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болжээ.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хүүхдийн эмнэлгийн ачаалал хэтэрч, эцэг, эхчүүд бага насны хүүхэдтэйгээ дүүргийн нэгдсэн эмнэлгийн коридорт хэвтэн эмчлүүлж буй. Энэ ачааллыг зохицуулахын тулд эмнэлгүүд дотрын тасагтаа яаралтай эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг хэвтүүлж байна. Цаашид дүүргийн эмнэлгүүд төлбөртэй өрөөндөө эцэг, эхээс нь мөнгө авахгүйгээр хүүхдийг хэвтүүлж, эмчлэхээр болсон байна.