Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Нэр төрийн үнэ цэнэ

“Хүн нэрээ, тогос өдөө” гэдэг. Нэр төр бол ёс суртахуунт хүмүүний хам­гийн эрхэм зүйлсийн нэг мөн. Хү­ний нэр төрд халдана гэдэг за­рим тохиолдолд бие махбодид нь халдсанаас ч илүүтэйгээр шарх­луул­даг. Ийм ч болохоор “нэр хугарахаар яс хугар” гэдэг ажгуу.

Бие хүний хувьд нэр төрийн асуу­дал дангаараа яригддаг бол бизнес эрх­лэгчдийн хувьд нэр төрөөс гад­на ажил хэргийн нэр хүнд гэсэн то­моохон ойлголт бий. Нэр төр, ажил хэргийн нэр хүндийн аль аль нь хуулиар хамгаалагддаг. “Хүн гүтгэх хуультай шүү” гэсэн үгийг та олон удаа сонсож байсан байж таарна. Үнэхээр ч хуультай л даа, гэхдээ л мөнхийн маргаан дагуулдаг юм.

Сайд Л.Гансүхийн гомдлоор үүс­сэн, сэтгүүлч Г.Уянга, түүний нө­хөр А.Баатархуяг нартай холбоотой хэ­рэг сүүлийн хэдэн сар дуулиан тарьж байна. Эрүүгийн хуульд хүн гүт­гэхийг гэмт хэрэг гэж заасан, тэр тусмаа олон нийтийн мэдээллийн хэ­рэгслээр тараасан бол хүндрэхээр зохицуулсан тул дээрх сэтгүүлчдийг багаар бодоход торгуулах, ихээр бол баривчлах шийтгэл хүлээж байгаа.

Сайд өөрийнхөө буруугүйг нотол­сон нэвтрүүлэг хийж цацлаа, түүнийг гэм буруугүй байжээ гэдгийг олон нийт ч хангалттай ойлголоо. Гэтэл эх­нэр нөхөр сэтгүүлчдийг заавал шийт­гэх нь ямар ач холбогдолтой юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Нөгөө талаар сайд өөрөө маргаан үүсгэж олны анхаарлыг татаагүй бол өнөөх сая долларын хаус энээ тэрээг нь хүмүүс мэдэхгүй л өнгөрөх байсан байх. Харин одоо бол хэдэн жилийн дараа ч гэсэн “нөгөө Гансүх байна шүү дээ, тэгж гэнэ хө” гэж ярихад өөдөөс нь “Ямар Гансүх билээ?” гэж асуухад “Яагаав, нөгөө сая долларын хаусны дуулианд ордог” гэж ярихаар болчихож. Тэгэхлээр цагдаад гомдол гаргаснаараа сайд маань хожсон уу, хохирсон уу гэдэг нь бас л эргэлзээтэй асуудал. Энэ эр­гэл­зээнээс шалтгаалан маш олон сэтгүүлч шүүх, цагдаагийн хаалга татахаас аврагдсан даа.

Хүнийг гүтгэсэн, түүний талаар худал мэдээлэл тараасан бол хуулийн дагуу шийдвэрлэгдэх хоёр зам бий. Нэг бол иргэний журмаар шүүхэд хан­даж нэр төрөө сэргээлгэнэ, эс бөгөөс цагдаад хандаж гүтгэсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүү­гийн хуульд “эрүүгийн хариуц­ла­га гарцаагүй байх зарчим” гэж бий. Энэ нь энгийнээр бол гэмт хэрэг үйлдсэн л бол заавал шийтгэнэ гэсэн агуулгатай. Гэтэл хүний нэр төртэй холбоотой асуудал болоод ирэхээрээ цагдаад хандвал шийтгэнэ, шүүхэд хандсан бол тэрүүгээрээ бол гэдэг нь дээрх зарчимд харшилж буй хэ­рэг мөн. Тийм болохоор эрүүгийн хуулиас тэр зүйл ангийг зүгээр л хас­чих хэрэгтэй байгаа юм даа, миний бодлоор.

Эрүүгийн хуулиас хасчихлаар мар­гаашнаас нь эхлээд л сэтгүүлчид УИХ-ын гишүүдийг бүгдийг нь, ур­лаг соёлынхонтой хамтад нь гүтгээд эхэлнэ гэсэн сөрөг ойлголт бий. Гэ­тэл тэрхүү хэвлэл мэдээллийн хэ­рэгслээс, сэтгүүлчээс нь гэм хороо гар­гуулах, мөнгөн хариуцлага хүлээл­гэх эрх хуулиараа нээлттэй байгаа шүү дээ.

Олон нийтийн мэдээллийн хэрэг­сэл өөрөө бодитой, тэнцвэртэй мэдээ­лэл хүргэх нь эрүүгийн хуулийн ганц­­хан тэр заалтаас шалтгаалахгүй. Үнэ­­хээр хариуцлага ярих гэж байгаа бол зохицуулж буй хуулиудад нь нэ­мэлт өөрчлөлт оруулж болно. Бус­дын талаар үндэслэлгүй мэдээлэл тараасан нь удаа дараа шүүхээр тог­тоогдвол мэдээллийн хэрэгслийг та­тан буулгадаг, эрхийг нь хасдаг то­­дорхой зохицуулалтууд ч байж бо­­лохыг үгүйсгэхгүй. Үүнээс гадна хам­гийн чухал зүйл нь мэргэжлийн өөрөө удирдах байгууллагынх нь тө­лөвшлийн асуудал шийдвэрлэгдэх. Үүнийг сэтгүүлчид өөрсдөө хийнэ, гэх­­дээ эрх зүйн үндсийг нь төр тавьж өгө­хөөс аргагүй. Алдаа дутагдал, ёс зүй­гүй байдал зэргээсээ шалтгаалан “сэт­гүүлч” хэмээх эрхэм нэрийг ашиг­лах, тэрхүү нэрээр дуудуулах эрхгүй бол­дог бол энэ салбарт ажилладаг хэн бүхэн л хариуцлагатай байхыг хи­чээх бизээ.
Нэр төр гэдэг өөрөө хийсвэр ойл­голт тул түүний үнэлгээ бас харь­цангуй л байна. Нэг хэсэг нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандагсдын гомдлыг 500 мянган төгрөгөөр тоо­цож барагдуулах нь жишиг болчихоод бай­сан бол өнөөдөр харьцангуй өс­сөн ч гэсэн дээд тал нь таван сая төг­рөг гаргуулахаар шийдвэрлэгдлээ гэж дуулдсан. Томоохон бизнес эрх­лэгчийн хувьд ажил хэргийн нэр хүндээ алдвал хэдэн зуун саяар нь алдагдал хүлээнэ, гэтэл тэр­хүү алдагдалд хүргэсэн этгээд хэд­хээн төгрөг төлж барагдуулна гэ­вэл дэндүү шударга бус. Тиймээс шүүг­чид ч бас энэ тал дээр анхаарах шаард­лагатай байгаа юм.

Бус­дыг харлуулах, гүтгэх нь мон­гол­чуудын хувьд арай хэтэрлээ. Дуу­чин Болдыг насанд хүрээгүй хүү­­хэд садар самуунд уруу татлаа гэж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг солонгосчуудаас мөнгө авлаа гэж, Б.Наранзунг “Цогт тайж” киног зар­лаа гэж, тэр ч байтугай жанжин Д.Сүх­­баатарыг хүртэл хэн ч биш бай­сан гэж гүтгэлээ. Үнэний мөр цагаан тул учир нь олдож л байна. Гэтэл цаана нь гүтгүүлчихээд чимээгүй тэсээд өнгөрсөн хичнээн олон эмтэрсэн зүрх, халирсан итгэл байгаа гэж сана­на. Эх орондоо ихийг хийж бүтээх мөн ч олон элэг нэгтнээ монголчууд бид цуу яриа, гүжир ховоор гом­доосон доо.

Энэ муухай  хандлагыг таслан зог­соох, үгүйдээ л багасгах гол арга зам бол нэр төрийн хамгаалалт, түүний зохицуулалтыг хууль зүйн хувьд боловсронгуй болгох явдал юм. Тэгэх­дээ юм л бол өнөөх “эрүүгийн хуульд нэмэлт зүйл оруулна” гэдэг “хоцрогдсон” хандлагаар биш иргэ­ний хууль, хэвлэл мэдээллийн хэрэгс­лүүдтэй холбоотой хууль, журмуудад хэдэн чухал нэмэлт, өөрчлөлтүүд хий­гээд, үүний дараа сэтгүүлчийг ажлаа хийснийх нь төлөө шоронд хий­дэг явдал үгүй болчихвол хаа хаанаа сэтгэл өег байхсан даа.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж