Цагдаагийн ерөнхий газрын гадна урт дараалал үүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Цагдаагийн ерөнхий газрын гадна урт дараалал үүсчээ

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төвийн лавлагааны сангийн гадна өнөөдөр уртаас урт дараалал үүссэн байлаа. Шалтгаан нь маргааш эхлэх БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлээс үүдэлтэй гэнэ. Өмнөд Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд бүртгэлд хамрагдахын тулд зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын нэг нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй гэх Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт. Уг нь ЦЕГ-ын энэхүү тодорхойлолт авсан өдрөөсөө хойш гурван сарын хугацаанд эх хувиараа хүчинтэй байдаг боловч аливаад цагийг нь тулгадаг “монгол зангаар” ийнхүү урт дараалал үүсээд байлаа.

Өглөө эрт тус төвөөр үйлчлүүлэх иргэдийн тоо эрс ихэсч, эмх замбараагүй байдал үүссэн учир Чингэлтэй дүүргийн жижүүрийн цагдаагаас нэмэлт хүч гарган иргэдийн дугаарлалтыг зохицуулж байгаа гэнэ. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төв өглөө 09.00 цагаас орой 17.00 цаг хүртэл ажилладаг бөгөөд 16.50 гээд иргэдийн дугаарыг таслан хаалгаа барьсан юм. Дотогш орж чадалгүй, гадаа хоцорсон иргэд хэдийгээр бухимдалтай хоцорсон ч тус төвийн дотор ажилтан албан хаагчид хурдан, шуурхай чиргэдэлгүй үйлчилж байлаа. Гадаа үүдэнд зохицуулалт хийж байсан цагдаа нар иргэдийг дарааллын дагуу нэг дор 20-40-өөр нь оруулж байсан юм. Харин эл байдлыг далимдуулан тодорхойлолтын хураамжийн үнэ болох 1000 төгрөгөөс гадна түрүүлж авсан “очероо” ашиглан иргэдээс мөнгө авч, тодорхойлт авч өгч байгаа нь ч харагдав. Тодорхойлолт авахыг хүссэн иргэн заавал өөрийн биеэр байх шаардлагагүй болохоор ийнхүү овжин нэг нь “бизнес хийж” байгаа нь тэр. Өдөржин дугаарлаж, цаг заваа алдахгүйн тулд зарим нэг нь ч дуртайяа иргэний үнэмлэхээ өгч, 5000 төгрөгөөр тодорхойлолт солилцож буй нь харагдав. БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл нийслэлийн есөн дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст энэ сарыг 26-28-нд үргэлжилнэ. Харин энэхүү лавлагааны сан нь нийслэлийн есөн дүүргийн иргэдийн тодорхойлолтыг гаргаж өгдөг цорын ганц байгууллага. Иймд энэ байдал БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл дуустал үргэлжлэх бололтой.


Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж