УИХ-ын чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй, эрх баригч намын 65 гишүүний тал нь чуулганы хуралдаанд огт суудаггүй гэж сөрөг хүчний зүгээс болоод МАХН-ын ганц төлөөлөл болсон О.Баасанхүү гишүүн удаа дараа шаардлага тавьж мэдээлэл хийсэн.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга эзгүй байгаа учраас УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж чуулганы хуралдааныг даргалан хуралдууллаа. Энэ үеэр гишүүдийн ирц бүрдэхгүй товлосон цагаасаа багагүй хугацаагаар хоцорч байж чуулганы хуралдаан эхэлсэн юм. Чуулганы хуралдааныг эхлүүлэхийн тулд Ц.Нямдорж бүлгийн дарга болоод эмэгтэй гишүүдийн төлөөлөл, намын гишүүддээ хандан хатуухан үг чулуудаж, тасалсан гишүүдийн нэрсээр нь дуудан сонгогчдод нь соннгосон гишүүн чинь ажлаа таслаад байна гэдгийг дуулгав.
Тэрээр нэмэгдэж орж ирсэн гишүүдэд чуулганы хуралдаанд цагтаа ирэхийг сануулж, дахин дахин зарлан ичээсэн юм.
Эцэст нь чуулганы хуралдаанаар хэд хэдэн хэлэлцэх ёстой асуудал үлдсэн ч “Та нар маргааш яг цагтаа ирж чадах уу” гэж ам өчгийг нь авч байгаад чуулганы өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлэв.
Түүний энэ үйлдэл зарим нэгэнд таалагдсан бол бусдад нь ундууцахад хүргэв. Ямартай ч сүүлийн өдрүүдэд анхаарал татаад байсан ирцийн асуудлыг өнөөдрийн хэмжээнд цэгцэлж дөнгөв.
Тэрээр ирцийн тухай ярихдаа намынхаа шүүмжилж, 65 суудал авчаад чуулганаа хуралдуулж чадахгүй байгааг гутамшиг гэж үзлээ. Өнөөдрийн хамгийн хариуцлагатай хүн гэж түүнийг өргөмжлөхөд гэмгүй биз ээ.
Л.ХАЛИУ