УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, 100 гаруй зарчмын зөрүүтэй саналын томъёолоор санал хураалгаж, дууссанаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд хүчирхийлэлд өртөгсдөд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээс гадна аюулгүй байдлын, хүүхэд хамгааллын, нийгмийн хамгааллын, эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр заасан юм.
Мөн орон нутаг бүрт хүчирхийлэлд өртөгсдийг байршуулах түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ байгуулахаар заажээ. Эл асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Хүн амын тоо, гэмт хэргийн гаралтаас хамаарч орон нутагт нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байр байгуулна гэж заажээ. Түр хамгаалах байр нь нууц байна, аюулгүй байдлыг нь цагдаа хангана гэхээр зардал нэлээд шаардах нь. Гэтэл уг хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны нэгдүгээр сарын 1-н гэж заасан байна. Улсын төсөв батлагдчихсан, зардлыг яаж шийдэх вэ. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ шинээр байгуулах боломж байна уу гэлээ.
Хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт багтаж ажилласан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -Нэг цэгийн үйлчилгээний төв улсын хэмжээнд тав байгаа. Шинээр нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах төв байгуулахад урсгал зардал ихээр шаардана. Тийм ч учраас энэ асуудлыг ажлын хэсэг дээр их ярьсан. Орон нутгууд төсвөө баталсан. Хэдий урсгал зардал нь хүндрэлтэй ч ямар ч байсан УИХ хуулиа батлах нь зөв юм. Тэр цагт төсөвт тодотгол хийх шатанд шаардлагатай зардлыг нь батлаад явах боломж бий.
-Хуулийн хэрэгжих хугацаагаар энэ удаад санал хураалгахгүй нээлттэй үлдээе. Дахиад нэг сайн яриг. Ингэхгүй бол он дуусахад 10 гаруйхан хоног үлдээд байна гэснээр энэхүү заалтаар санал хураасангүй, үлдээлээ.
Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураах үед дараах саналууд дэмжигдлээ.
Үүнд:
Гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик мэдээлэл, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээлэл солилцох журмыг холбогдох яамдууд тус тусдаа батлахаар байсныг өөрчилж, Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах.
Хүн амын тоо, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийн гаралтыг харгалзан, орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр байгуулах асуудлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдэх.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хорих ял шийтгүүлсэн этгээдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, баривчлах, албадан сургалтад хамруулах шийтгэл хүлээсэн этгээдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цагдаагийн байгууллага зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг тус, тус зохион байгуулах.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, үйлчилгээ, туслалцаа дэмжлэг үзүүлэх ур чадварыг эзэмшүүлэх агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын багш бэлтгэх, давтан сургах сургалтын хөтөлбөрт тусгаж хяналт тавих зэрэг саналууд гишүүдийн олонхын дэмжлэг хүлээж хуульд “суулаа”.
Одоо үйлчилж байгаа хуулиар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор гарч байгаа гомдол нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд талууд ойлголцолд хүрсэн, дахин хүчирхийлэл үйлдэгдэхгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болдог аж. Гэвч удалгүй хүчирхийлэл үйлдэгддэг. Иймээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гомдлыг хэрэгсэхгүй болгохгүй, шүүхээр заавал шийдвэрлүүлнэ гэж үзсэн байна.
Дээрх заалттай холбогдуулан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Энэ хууль хөдөөний амьдрал дээр яаж буух вэ гэдгийг бодолцож хийх ёстой. Захиргааны зөрчил гаргасан ч гомдлыг үл харгалзан заавал шүүхээр шийддэг юм руу явах болж байна. Ингэсэн нөхцөлд шүүхийн ачаалал нэмэгдэнэ, ялихгүй шалтгаанаар малчид аймаг руугаа дуудагдах болох нь. Монгол бол нүүдлийн болоод суурьшмал амьдралтай орон. Суурьшмал амьдралтай орны хуулийг аваад хэрэглэхээр нүүдлийн амьдралтай иргэдийн эрх ашиг хөндөгдөх болдог. Жишээлбэл, 310 гаруй сум шүүхгүй, хэрвээ энэ заалт дэмжлэг хүлээх юм бол хөдөөний малчин ялих, шалихгүй шалтгаанаар аймаг руугаа шүүхэд дуудагдаж, цаана нь таван хүүхэдтэй эмэгтэй л үлдэх болж байна. Байнгын хороогоор хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд томъёоллыг маш сайн гаргаж өгөх хэрэгтэй. Ингэхгүй бол гэр бүлийн нарийн ширийн асуудал Эрүүгийн хууль руу татагдан орох болж байна гэдэг анхааруулгыг өглөө.
Мөн хуралдаанаар Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.
Энэ нь Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгчийг улираан сунгахтай холбоотойгоор оруулж байгаа нэмэлт өөрчлөлт юм.
Хуралдааны төсгөлд чуулганыг удирдсан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Маргааш чуулганы хуралдаан 10.00 цагт эхлэх ёстой, яс цагтаа ирнэ биз. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан цагтаа эхэлнэ гэдэг юман дээр ойлголцсон шүү. Цаана нь олон хүний ажил, амьдралын асуудал байна гэж анхааруулга өгснөөр энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.
Г.ДАРЬ