УИХ-ын чуулганаар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүд асуултыг асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
-Манай улсад тэтгэврийн зөрүүтэй хэдэн ахмад настан байгаа вэ. Манай намын мөрийн хөтөлбөрт ахмад настаны хөдөлмөр эрхлэх, зөвлөх үйлчилгээ эрхлүүлнэ гэж байгаа. Тэдний ажил үйлчилгээг хэрхэн үнэлэх юм бэ. Мөн ахмад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, групп сунгуулах тал дээр асуудал үүсээд байна. Группын мөнгөний хэмжээг багасгаж олгоод байна гэсэн гомдол ирсэн. Үүнд хариулт өгөөч.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр:
-Ахмадын хөдөлмөр эрхлэлтийн асуудал бол энэ хуулийг шинэчлэн өөрчлөх гол шалтгаан болсон. Хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг 9 дүгээр зүйлд тусгайлан оруулсан. Нийт ахмадын 67,5 хувь нь хөдөлмөр эрхлэх сонирхолтой, боломжтой гэсэн судалгаа бий. Энэ асуудлаарх олон улсын туршлагыг судалсан. Ахмад настныг авч ажиллаж байгаа аж ахуй нэгжийг дэмжих асуудал ч бий. Эрүүл мэндийг хамгаалах асуудлыг уг хуулийн 10 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Ялангуяа урьдчилан сэргийлэх бодлого чухал юм. Эдгээр асуудлыг нийгмийн даатгалын салбарын багц хуулиудад оруулах болно.
Үүнээс гадна улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттай тэтгэвэр дахин тогтоох аяныг эхлүүлэх үүргийг Ерөнхий сайд өгсөн. Ер нь нийгмийн даатгалын байцаагч нарын зохисгүй үйлдэлтэй холбоотой гомдол цагдаагийн байгууллага дээр тасрахгүй байгаа. Нэг байцаагч 7,8 саяаас 67 сая хүртэлх төгрөгийн зөрчил гаргасан байна. Эхлээд зөрчлийн асуудлаа тогтоосны дараа тэтгэврийн зөрүүний асуудлыг ярина. Адил хөдөлмөр эрхэлж байсан хүмүүсийн тэтгэврийг адилтгах асуудал яригдаж байгаа. Түүнээс бүх ахмад настны тэтгэврийг адил, тэгш болгох тухай биш шүү. Та бүхэн ойлголтоо нэгтгээрэй.
-УИХ-ын гишүүн Х.Баделхан:
-Хуулийн төслийг дэмжиж байна. Ахмадын нийгмийн хамгааллын асуудлыг тусгасан өргөн хүрээтэй хуулийн төсөл болсон байна. Түлээ нүүрсний хөнгөлөлтийн асуудлыг орон нутагт бүхэлд нь олгох боломж байна уу. Хоёрт гэвэл тэтгэврийн зээлийн асуудал хүнд байна. Нэлээд олон ахмадын тэтгэврийн дэвтэр банкинд байдаг. Зээлийн хүү нь өндөр. Энэ зээлийн хүүг нэг удаа чөлөөлж өгөх боломж байдаг болов уу?
– Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр:
-Тэтгэврийн зээлийн хүүг нэг удаа чөлөөлж болох уу гэж олон хүн асууж байна. Энэ бол зах зээлийн зарчимд тугуурласан асуудал. Төр засаг тэтгэврийн зээлийн хүүг нэг удаа чөлөөлөх шийдвэр гаргаж болохгүй. УИХ-ын гишүүд ийм юм ярьж болохгүй. Энэ мэт зүйлээ олон нийтийн хэрэгслээр битгий яриарай. Үүнээс үүдэж нийтэд буруу ойлголт төрж мэдэх юм. Хоёрдугаарт, түлээ нүүрсний хөнгөлөлтийн асуудлыг тусгахаас гадна гэр орноо цэвэрлүүлэх, тусламж үйлчилгээ авах асуудлыг энэ хуулийн төсөлд нэмж тусгасан байгаа.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Байнгын хороон дээр энэ хуулийн төслийг хэлэлцсэн. Монголын хамгийн үнэтэй баялаг бол Монгол хүн. Ахмадын хуримтлуулсан мэдлэг чадварыг өнөөдрийг хүртэл ашиглаж ирсэн туршлага байхгүй. Тиймээс энэ хуулийн төсөлд ахмадын хөдөлмөр эрхлэх боломж, ахмадын нийгмийн халамж зэрэг бүхий л асуудлыг тусгаж чадсан бодлогын алхам гэж би харж байна. Тиймээс хуулийг яаж амьдралд хэрэгжүүлэх вэ, хуулийн хөшүүргийг бий болгох нь хамгийн чухал” гэсэн саналыг хэллээ.
УИХ-ын чуулган үргэлжилж байна.
Т.НОМИН