Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Халзхүүгийн Наранхүү. Тэрбээр олон үг ярьж, улс төр хийж, чуулганы танхимд орилж, камерын өмнө өндөлзөөд байдаггүй болохоор олон түмэн төдийлөн мэдэхгүй байх. Гэхдээ мэдэх хүмүүс нь 1970-аад оны сүүлчээс төрийн алба хашиж, хэрхэн улс төрд орсон түүхийг нь андахгүй. Х.Наранхүүг Эрдэнэтийн хэмээн тодотгосон байдаг. Учир нь 2000-2007 онд томоохон бүтээн байгуулалтын гол цэг болох “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажилласан нэгэн. Түүнийг нөхөд нь хариуцуулж өгсөн төрийн албыг нухацтай, нямбай, удаан хугацаанд хийж чаддаг туршлагатай хүн гэж тодорхойлдог аж. Мөн Х.Наранхүүг МҮОНРТ-ийн “Болжмор” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Цэенхандын хүү гэдгээр нь 70, 80-аад оныхон сайн мэддэг. Тэрбээр 2008 оны сонгуулиар Дундговь аймгаас сонгогдсоноосоо хойш гишүүнийхээ ажлыг хийхээс гадна нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байна. Тэр дундаа тархины саажилт өвчнөөр шаналсан хүүхдүүдийг сувилахад зориулж хандив өргөдөг аж. Иймээс түүнийг сэтгэл зөөлөнтэй гэж ойр тойрных нь хэлдэг гэсэн. Хийсэн бүтээснээ нийтэд нэг их зарлаад байдаггүй нууцлаг төрийн түшээгээс Авлигатай тэмцэх газар тайлбар авахаар болсон тухай мэдээлэл цацагдсан. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөөс хэдэн тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэмээж байгаа аж. Гэхдээ уг асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй юм. Ямартай ч Х.Наранхүүгээс тайлбар авах юм байна.     

Ц.ЭНХЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж