Төрийн өмчийн сургуулийн бие даасан байдлыг хангана

Хуучирсан мэдээ: 2016.12.16-нд нийтлэгдсэн

Төрийн өмчийн сургуулийн бие даасан байдлыг хангана

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газраас дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

2016-2017 оны хичээлийн шинэ жилд 95 дээд боловсролын байгууллага сургалтын үйл ажиллагаа явуулж байгаагаас 87 нь нийслэлд, найм нь орон нутагт харьяалагдаж байна. Нийт 151 мянган оюутан суралцаж байгаагийн  91.7 мянга нь төрийн өмчийн их, дээд сургуульд суралцдаг аж.

Засгийн газраас энэ салбарт баримтлах дунд хугацааны бодлогод төрийн өмчийн дээд сургуулийн бие даасан байдлыг хангаж, судалгаанд сурилсан дээд сургуулийг хөгжүүлнэ гэж тодорхойлсон байна. Мөн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог хөгжүүлэх, оюутны нийгмийн баталгааг хангах зорилт тавьсан аж.

Боловсролын зээлийн сангаар дамжуулж их, дээд сургуульд суралцагчдад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 онд 90 тэрбум төгрөг төсөвт суулгажээ. Суралцахын хажуугаар цагаар ажиллаж, орлого олох боломжййг олгох зорилгоор Засгийн газраас хөтөлбөр баталсан байна.

Дээрх мэдээлтэй холбогдуулж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцууллаа. Энэхүү дүгнэлтэд Боловсролын зээлийн сан нь Ардчилсан намын анхлан хэрэгжүүлсэн “Сайн оюутан” хөтөлбөрийн үргэлжлэл болж байна. Гэхдээ уг хөтөлбөрийг болохгүй гээд зогсоосон хэрнээ буцаан оруулж ирэхийн тулд асар их цаг алдсан. Засгийн газраас Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-аар батлуулсан нь төрийн өмчийн их, дээд сургуулийг илүү төрөөс хараат болгож, эрх зүйн орчинг нь улам дордуулсан гэж үзжээ.

Үүний дараа гишүүдийн асуултад хариулт өгсөн юм. УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар төрийн өмчийн их, дээд сургуулийг улс төрийн болон бусад ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах боломжгүй боллоо. Ямар үндэслэлээр уг хуульд өөрчлөлт оруулав.

Их, дээд сургууль төгссөн залуусын ихэнх нь ажилгүй байна. Ажилтай болгохын тулд Засгийн газар ямар бодлого арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөв. Чадварлаг мэргэжилтнүүдийг гадаадад бэлтгэх бодлого үргэлжлэх үү?.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Улсын хэмжээнд 95 их, дээд сургуульд 157 мянган оюутан залуучууд суралцаж байна. Өнөө үед бүгд дээд боловсрол эзэмших сонирхолтой болсон. Энэнээс шалтгаалаад хүүхэд хүссэн мэргэжлээр сурдаггүй. Боловсролын бодлогыг өөрчилж байж захиалгатай байранд мэрэгэжилтээ бэлтгэж авна.

Боловсролын системийн асуудал нь зөвхөн оюутандаа зориулсан байхаар хангалттай биш байна. Тийм учраас ажлын байр бий болгож байгаа үнэлгээг оруулж ирэх шаардлага байгаа.

Их, дээд сургуульд элсэхийн тулд монгол хэлний шалгалт өгч байгааг үргэлжлүүлнэ. Гадаадад ажиллах хүч гаргахдаа өндөр технологид ажиллах боломжтой, чадвартай болгоход анхаарна. Мөн гадаадад мэргэжилтэн бэлтгэх бодлогыг үргэлжлүүлнэ.

Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулсан нь улсын мэдлийн их сургуулийн Төлөөлөн Удирдах зөвлөл зөвхөн захирлыг томилдог биш эд хөрөнгөнөөс авахуулаад бүхий л эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Удирдах зөвлөлд төрийн хяналт багасах нь төрийн өмчийг харж хандахад хяналтыг сулруулах эрсдэлтэй учраас хувь хэмжээг нэмэгдүүлсэн.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь: 2016 оны дөрөвдүгээр сарын 14-нд баталсан хоёр хуульд зөрчил үүссэн байсныг засах, мөн төрийн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор өөрчлөлт хийсэн. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлөх гишүүн нь түлхүү орчихоор хараат болчихдог гэж юм байхгүй гэсэн хариулт тус, тус өглөө.  

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж