Ажлаа тасалсан гишүүдийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.12.15-нд нийтлэгдсэн

Ажлаа тасалсан гишүүдийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон цагаасаа 1 цаг орчмоор хоцорч, 11.00 цагийн орчимд эхэллээ. Чуулганы хуралдаанд оролцож буй гишүүдийн ирц 55 хувьтай байгаа юм.

Уг хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж удирдаж байна. Хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж чуулганы хуралдаанд ирээгүй гишүүдийг нэрсээр нь нэгбүрчлэн дуудаж, мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхийг шаардаж, “Хуралд суудаггүй юм бол УИХ-д нэр дэвшүүлж яадаг юм, тэр зугаалдаг газраараа явдаг юм байгаа биз. УИХ-ыг сахилгажуулах хэрэгтэй байна. Сүүлийн үед ирц тааруугаас олон нийт дунд дургүйцэл их байна. Ардын нам ирц дээр хэнтэй ч хариуцлага хуваалцахгүй шүү” гэж сануулга өглөө.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Таван сарын хугацаанд 21 гишүн 10-аас дээш удаа санаатайгаар хурлаа тасалсан. 21 гишүүний нэрийг Ёс зүйн дэд хороонд өгнө. Ёс зүйн дэд хороо ажил хиймээр байна.

Хоёрдугаарт, УИХ Оффшорын асудал болон “Эрдэнэт”-ийн асуудлыг хэзээ сонсох юм. Хөгжлийн банкны шалгалтын дүнг өчигдөр сонслоо, хоёр хар хэрээ бие биенээ муулна гэгчээр яг үнэндээ хэн нь идсэн бэ гэвэл аль, алинд л байгаа юм билээ ш дээ. Ханшийн зөрүүнээс болж, Хөгжлийн банкинд 694 тэрбум төгрөгийн алдагдал үүсчихээд байна. Бондын өр төлөх гээд байгаа үед амардагаа болъё. Энэ асуудлыг чуулганаар яримаар байна” гэж хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ирц бүрддэггүй, бусдын өмнөөс кноп дардаг хууль бус үйлдэл олон жил үргэлжилж байгаа. 65 суудалтай эрх баригч нам ирцээ бүрдүүлж чадахаа больсон, ард түмэн ууртай байгаа шүү. Эрх баригчдаас л хариуцлага нэхдэг. Бие биенийхээ кнопыг битгий дарж гүйцгээ. Японд бусдын кнопыг дарвал УИХ-ын гишүүнээсээ татагддаг. Сөрөг хүчин болохоор хариуцлага нэхдэг, эрх баригч хүчин болохоор хариуцлага нэхдэггүй байж таарахгүй.

Тавантолгойн луйвар ар өврөөр явах нь. Энэ ордыг бүлэглэлийн саварт өгөхгүйн тулд Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жил ноцолдож салгасан. Гэтэл одоо хэсэг бүлэг нөхдүүдэд хямдхан үнээр Тавантолгойг өгөх нь, 65-ын бүлэг сэргэг байхыг сануулъя.

Нөхцөл байдал хүнд байгаа, Эрдэнэт Асгат, төмөрлөгийн үйлдвэрт онцгой анхаараарай. Есхөн суудалтай Ардчилсан намын бүлэгтэй битгий барьц, ажлаа хий” гэв.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, А.Сүхбат нар 1 цаг, Б.Бат-Эрдэнэ 1.10 цагаар ажил тасаллаа шүү. Хурлын ирц дээр найраа байхгүй. Засгийн газрын гишүүд ажилтай байсан бол чөлөө аваад ирцийн асуудлаа шийд. Ирцээс болж олонхийн бүлэг олны өмнө шившиг болоод баймааргүй байна. Тамгын газар ирцийн мэдээг өдөр бүр гарга.

Сөрөг хүчин байхдаа бид эрх баригч хүчнийхэнд хандан “Д.Дэмбэрэл гишүүн ирчихээд байхад та нар яагаад ирдэггүй юм бэ” гээд байж ядтал нь шахдаг байсан” гэж хэлснээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж