Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хүүхдийн эмнэлгийн ачаалал хэтэрч, эцэг, эхчүүд бага насны хүүхэдтэйгээ дүүргийн нэгдсэн эмнэлгийн коридорт хэвтэн эмчлүүлж буй. Энэ ачааллыг зохицуулахын тулд эмнэлгүүд дотрын тасагтаа яаралтай эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг хэвтүүлж байна. Цаашид дүүргийн эмнэлгүүд төлбөртэй өрөөндөө эцэг, эхээс нь мөнгө авахгүйгээр хүүхдийг хэвтүүлж, эмчлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, өндөр ачааллын үед эмнэлгүүдэд төлбөртэй өрөө байхгүй болж ачаалал багатай тасгуудаа хүүхдийн тасаг болгосноор олон хүүхэд эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой болно. Гэхдээ л коридорт хэвтэн эмчлүүлэх эх үрс олон хэвээрээ л байна.
Өвчтөн нь өрөөндөө байтугай коридортоо багтахаа байсан эмнэлэг бол Хан-Уул дүүрэгийнх байна. Тус эмнэлгийн хүүхдийн тасаг 80 ортой ч одоо 206 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Ачаалал нь 157.5 хувиар хэтэрчээ. Харин Сонгинохайрхан дүүрэг 168 ортой ч 282 хүүхэд хэвтэж буй юм. Ачаалал нь 70.9 хувиар нэмэгджээ. Чингэлтэй дүүргийн эмнэлгийн тухайд хүүхдийн 80 ортой. Харин хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо 201-д хүрлээ. Сүхбаатар дүүргийн эмнэлэг 125 хүүхэд хүлээж авах чадалтай ч ачаалал нь 110.4 хувиар хэтэрч, нийт 263 хүүхэд эмчлэгдэж байна. Тэгвэл Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг 140 хүүхдийн ортой. Одоо 209 хүүхэд эмчлүүлж ачаалал нь 49.3 хувиар хэтэрсэн. Баянзүрх дүүрэг 130 хүүхдийн ортой ч 246 хүүхэд хэвтэн эмчлүүлж буйг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Жил бүрийн өдийд эмнэлгийн коридороор дүүрэн хүүхдүүд хэвтэж байдаг. Ийм нөхцөл байдалд иргэд ч тэр эмнэлэг ч тэр дасал болсон гэхэд хилсдэхгүй. Харин энэ жилийн хувьд эмнэлгүүд ачааллаа даахаа больж бусад тасагтаа хүүхдүүд хүлээн авч байна.
Ийм ачаалал нэмэгдэж эмнэлгийн эрэлт өсөхөд төлбөртэй өрөөний бизнес ашигтай болдог аж. Өдрийн 3-27 мянган төгрөгийн төлбөр төлж ордог өрөөг иргэд эсэргүүцсээр ирсэн билээ. Учир нь мөнгөтэй бол эмнэлэгт хэвтэж мөнгөгүй бол коридорт хэвт гэсэн гаж тогтолцоог үүсээд байсан юм.
Зураглаач Н.БАТМӨНХ