Төвийн бүсийн чуулга уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Төвийн бүсийн чуулга уулзалт боллоо

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооноос зарласан “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “Монгол залуу хүн-2020” төвийн бүсийн чуулга уулзалт Дархан-Уул аймагт болж өнгөрчээ.

“Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн үндсэн чиглэлд бүс нутгийн залуучуудын дуу хоолой, санал санаачлагуудыг тусгах, монгол залуу хүний 2020 онд хүрсэн байх хөгжлийн төвшинг тодорхойлох зорилгоор зохион байгуулсан чуулга уулзалтад АЗХ-ны Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв аймгийн салбар байгууллагуудын төлөөлөл болсон 100 орчим залуус оролцжээ. Түүнд урилгаар АЗХ-ны ерөнхийлөгч, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, АЗХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Баатархүү, Г.Энх-Амгалан, удирдлагын зөвлөлийн гишүүн Д.Бямбасүрэн, нийслэлийн АЗХ-ны дэд тэргүүн Б.Батцэнгэл /Quiza/ нар оролцсон байна.

Чуулга уулзалтын үеэр залуучууд “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн “Амьдралын боловсролтой монгол залуу хүн”, “Ажилтай, орлоготой монгол залуу хүн”, “Архигүй монгол залуу хүн”, “Авьяас чадвартай монгол залуу хүн”, “Авлигагүй монгол залуу хүн” гэсэн таван зорилтын чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлсэн аж. Монголын залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц, монгол залуу хүн хөгжлийн талаар залуучуудаас ихээхэн бодитой санал санаачлагууд гарсныг “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрт тусган ажиллах болно гэдгээ энэ үеэр АЗХ-ны удирдлагууд илэрхийлжээ.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж