Сүүлийн хоёр долоо хоногийн дотор таван байнгын хороо ирц хүрээгүйн улмаас хойшлогдсон байна. Тэгвэл өчигдөр /2016.12.15/ чуулганы ирцээ 41 гишүүн бүртгүүлсэн ч 20 гаруй нь хуралдаж байсан юм. Энэ байдалд хамгийн их шүүмжлэлтэй хандаж байгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс хэдхэн асуултад тодруулга авлаа.
-Гишүүд чуулгандаа идэвхгүй оролцож байна гэж та шүүмжилсэн. Тэгвэл одоогоор хэн, хэн хурлаа тогтмол таслаад байна вэ?
-Албан тушаалын томилгооноос хойш гишүүд хуралдаа ирэхээ больсон. Би УИХ-ын Тамгын газраас албан бусаар ирцийн мэдээлэл авсан. Тангараг өргөснөөс хойш өнөөдрийг хүртэл УИХ-ын 21 гишүүн 15-аас дээш удаа чуулганы хуралдаанаа тасалсан байна. Энэ бол эмзэглэмээр тоо. Манайд Халдашгүй байдлын дэд хороо, Ёс зүйн дэд хороо гэсэн хоёр том дэд хороо байдаг. Халдашгүй байдлын дэд хороо бол ажлаа хийдэггүй сонин дэд хороо байдаг. Зөвхөн Улсын Ерөнхий прокуророос гомдол ирэхээр хуралддаг юм шиг ойлгогдоод байдаг. Уг нь хуулиар бол тийм биш. Ёс зүйн дэд хороо ч мөн адил ажлаа хийхгүй байна. Бид тангараг өргөсөн төрийн түшээд. Ард түмнээ мартаж болохгүй. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд сайхан зүйл амладаг, ярьдаг. Тэгээд сонгогдож гарч ирээд ийм байдалтай байж болохгүй. Тиймээс хурлаа тасалдаг гишүүдийн нэрийг Ёс зүйн дэд хороонд өгнө. Ер нь бол энэ хоёр дэд хороог цөөнхөд хариуцуулах юм бол олонхоо хянаад явахад болохгүй зүйл байхгүй.
-УИХ-ын гишүүд хуралд сууж, хууль батлахаас өөр олон ажил бий гэж тайлбарлах нв бий. Тухайлбал, тойрогтоо ажиллаад хуралдаа ирээгүй гэдэг шалтгааныг сонсож байсан юм байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын чуулган бол өдөр болгон хуралдаад байдаггүй. Тойрогт ажиллаад хуралдаа ирээгүй гэдэг бол шалтгаан биш зүгээр л нэг шалтаг. Бидэнд тойрогтоо ажиллах цаг хангалттай бий. Хавар, намрын ээлжит чуулган завсарлах үеэр ажиллаж болно шүү дээ. Зуны дэлгэр цагт айраг цагаа эргүүлээд наадам хэсээд явахын оронд иргэдтэйгээ уулзах хэрэгтэй. Хавар Цагаан сараас хойш 4,5 дугаар сар хүртэлх хугацаанд гэртээ суудаг, гадаад руу явдаг байдлаа болих хэрэгтэй. Хөвсгөл аймагт, орон нутагт очиж амьдарч үзээд иргэдийнхээ тухай ярь л даа. Би бол үүнийг шалтгаан биш шалтаг гэж үзэж байна. За яахав эрхэлцэн ганц нэг гишүүн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл бүхэл бүтэн 65 суудалтай эрх баригч нам ирцээ бүрдүүлж чадахгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ.
Үүнд ард түмэн бас бууруутай. Ард түмэн нэг том алдаа гаргасан. 1990 оноос өмнө Монголд нэг нам байсан. Дараа нь 1992 оноос хойш 2008 он хүртэл МАХН төр барьж байсан. Шуудхан хэлэхэд МАХН сахилга баттай нам. Дараа нь нэрээ солиод баячууд нь нэг талдаа, ядуус нь нөгөө талдаа гарсан. Сая сонгууль болох үед ард түмэн хувьсгалт намд өгнө гэж шийдсэн. Гэхдээ хоёр нам нэгдэх ёстой гэж үзэж байсан. Тухайн үед доогуураа нэгдсэн дээгүүрээ нэгдэж чадаагүй учраас хуурамч Дамбийжаа гэдэг шиг худлаа намд санал өгснөөс болоод горыг амсаж эхэллээ. МАХН байсан бол ингэхгүй. Хамгийн идэвхтэй ажиллах байсан. Жишээ нь өнөөдөр Н.Учрал, З.Баянсэлэнгэ хоёрыг харьцуулаад үз. З.Баянсэлэнгэ байсан бол хуралдаа суугаад асуудлаа ярих байсан. Гэтэл Н.Учрал алга байна. Тэгэхээр Монголын ард түмэн юу тарина түүнийгээ хураана гэдэг шиг сонголтондоо хариуцлагатай хандаагүйгээс болоод хариулагагүй хүмүүс төрд орж ирсэн.
-МАН-ын 65 гишүүн идэвх сул, хариуцлагагүй байна гэсэн үг үү?
-МАН-ын 65 гишүүн хуулийн цоорхойгоор гарч ирчихээд, ялалт байгуулсан мэт бардам загнахаа боль гэж хэлмээр байна. Хуулийн цоорхой гээд байгаагийн учир нь энэ УИХ-д орж ирсэн МАН-ынхан 40 хувийн дэмжлэг авсан. Цаана нь 60 хувийг эзэлж буй сонгогчдын санал үлдэж хоцорсон. Тухайлбал МАХН-д 13 хувь нь саналаа өгсөн. Тэгэхээр МАН-д санал өгөөгүй хүмүүсийг дээрэлхэх юм бол тэд хавар болохоор гадаа гарч зогсоно. Ард түмэн хүчтэй. Ард түмэн өдөр бүр уурлаад шүүмжлээд байдаггүй учраас тэднийг доромжлохоо боль гэж хэлмээр байна.
-Хамгийн их тасалдаг гишүүдийг нэрлэх боломж байна уу?
-Би 21 гишүүн 15-аас дээш удаа хурал тасалсан гэдгийг албан бусаар авсан. Удахгүй албан ёсны мэдээлэл аваад иргэдэд хэлэх болно.