Нобельд нэр дэвшсэн ”Боомт хот”

Хуучирсан мэдээ: 2016.12.16-нд нийтлэгдсэн

Нобельд нэр дэвшсэн ”Боомт хот”

Хятадын зохиолч Шэнь Цунвэнь цэрэгт алба хааж байхдаа Сычуань, Хунань, Гүйжөү мужуудын зааг дээр байх хэд хэдэн суурингаар аялж, тэндхийн номин ногоон уул нуруу, үзэсгэлэнт байгальд татагдсанаар энэхүү туужаа бичих санааг олжээ. "Боомт хот"-ын гол агуулга нь хүмүүс амьдралын элдэв нөхцөлд хүлэгдэн алдаж онож явдаг тухай өгүүлсэн байна. Зохиолчийн хувьд 20 орчим жил бүтээлээ эрчтэй туурвиж байгаад (45 хүртлээ) "Тухайн үеийн үзэл сурталд нийцүүлэх боломжгүй байсан" гэдэг шалтгаанаар зохиолоо бүтээлээ бичихээ больсон байна. Зохиолчийн зохиол бүтээл бараг мартагдах шахаж байтал 1980-аад оноод гэнэтхэн сонирхож эхэлсэн нь тэр үед хүний сэтгэлийг өгүүлсэн зохиол бүтээл туйлын хомс байснаас үүджээ. Үүнээс улбаалан 1980-аад онд хоёр ч удаа Нобелийн шагналд нэр дэвшиж байсан байна. За ингээд номын гол агуулгадаа орьё.

Хунань мужийн баруун захаас холгүй орших Чадун гэх уулын жижиг суурин. Сууринд хорь орчим тохой өргөн нэгэн гол байх агаад нутгийн олон мөнгөгүйгээс гүүр тавьж чадаагүй, гатлага завь ашигладаг юмсанж. Гатлага завь нь суурингийн өмч тул завьчны хөлсийг суурингийн удирдлагаас даана. Завийг 70 гаруй насны өвгөн жолоодох ба голын хажуугийн жижигхэн, ядуу урц түүний гэр. 

Өвгөн 14 настай зээ охин Цүйцүйтэй амьдарна. Цүйцүйгийн ээж буюу өвгөний охин нь ааваасаа зөрж нэгэн цэргийн хүнд сэтгэл алдарсан ба өнөөх нь цэргийн ангиасаа оргосон оргодол, буцаж очвол ял авах нь тодорхой тул амиа хорложээ. Гэтэл охин нь охиноо төрүүлэнгүүтээ хүйтэн усанд орж бас амиа хорлосон байна. Өвгөн ингэж зээ охинтойгоо үлдсэн түүхтэй. 

Цүйцүй нэгэн удаа суурингийн төвд болсон баяр наадмын орой Нүосүнтэй таарчээ. Энэ явдлаас хойш хоёр жил өнгөрнө. Нүосүн бол суурингийн баячуудын нэг Шүншүнийн бага хүү бөгөөд ахыг нь Тиэнбао хэмээнэ. 

14 нас хүрч байгаа (тэр үед 15 настай охид эрд гардаг байж) цэцэг цэврүү шиг охинд Тиэнбао, Нүосүн хоёр сэтгэлийн жолоо алдана. Тиэнбао нь урьтаж бэр гуйх боловч өвгөн нааштай байвч, эцсийн шийдийг охин өөрөө гаргана шүү дээ. 

Уг нь тэдний суурингийн нэгэн баян хүргэндээ чулуун тээрмээ (маш өндөр үнээр босдог) өвлүүлэн үлдээнэ гэх сургаар суурингийн хамгийн ухаалаг, царайлаг, басхүү ажилсаг Нүосүнийг тэдний хүргэн болно гэсэн яриа тархаад байжээ. Гэвч нэг өдөр ах, дүү хоёр "тээрэм үү, гатлага завь уу" гэж ярилцаж суугаад хоёулаа нэг охинд сайн болсноо олж мэднэ. Аль нь нь бууж өгөх дургүй байлаа. 

Эрт дээр үеэс хайртай бүсгүйнхээ гэрийн ойролцоо шөнө дуулж өгвөл хайртайгаа учирдаг гэсэн яриа байдаг юмсанж. Цүйцүйд зориулж дуу дуулж өгвөл сэтгэлийг нь татна гэж хэлсэн өвөөгийнх нь үгэнд итгэсэн ах дүү хоёр дуу дуулахаар болно. Гэвч том ах Тиэнбао дүүдээ зайгаа тавьж өгөн дүү нь гурван шөнө дараалан дуулна. Цүйцүй өглөө сэрээд зүүдэндээ нэгэн хүний дуулсан дуутай нийлэн дүүлж, эргийн хажуугийн байц хадан дээр гараад сэрдэг цэцэг тасдсан тухайгаа ярина. 

Дүүдээ найр тавин бууж өгсөн ах Тиэнбао нь ачаа тээврийн онгоцтой яваад усанд унаж нас барна (усны дэргэд өссөн хүү усанд унасан нь юу л бол. Амиа хорлосон болов уу). Аав Шүньшүнь, дүү Нүосүн хоёулаа түүний үхэлд өвгөн, охин хоёрыг буруутгаж байдаг. 

Аадар бороо асгаран орсон нэгэн шөнө өвгөн амьсгал хураана. Газар дээр ганцаараа үлдсэн Цүйцүй охин зөндөө их уйлдаг. Даанч удалгүй Шүньшүнийнхээс бэр буулгах улс ирэх ба Нүосүнд Цүйцүйг эхнэр болгон авах хүсэлтэй байгаагаа уламжилна. 

Харамсалтай нь Нүосүн өөрөө ачаа тээврийн онгоцтойгоо өөр хотод байгаа юм. Өвөл болоход тэртээд хөвөн ниссэн залуу эргэж ирсэнгүй. 

Тэр залуу ирж ч магадгүй, ирэхгүй ч байж магадгүй ээ! хэмээснээр "Боомт хот" тууж өндөрлөв өө. 

Туужаас түүсэн сувд үгс: 

"Хүн гэдэг тавилангаараа оршдог амьтан"

"Өс авахад ч тэр, найз нөхөр болоход ч тэр хутга хэрэгтэй" хятад мэргэн үг 

"Нохой минь дээ, наадах чинь хойноос нь хуцаж гүйхээр хүн биш"

"Сайн айлд бэр болгож байж л хорвоогийн ажил хэрэг нь дуусах учиртай"

"Гал гэмээнэ газар бүрт бадамлан асч, ус гэмээнэ хааяагүй урсах чанартай. Сар өдөр хаа ч нэг, сэтгэл зүрх хаа ч ижил"

"Зүүдэлнэ гэдэг сайхаан. Зүүдэндээ хүн зайсан ноён ч болдог шүү дээ"

"Хүн гэдэг сэтгэл зүрхээ л ойлгуулах гэж хичээнэ. Түүнийг нь ойлгож сонсохгүй л бол бялзуухай жиргэхийг сонсож сууснаас ер ялгаагүй"

"Аагим халуунд хайр сэтгэл ч үгүй болдог хэмээлцэнэ"

ЭХ СУРВАЛЖ: AMARTUVSHIND.BLOGSPOT.COM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж