-Оюутанд зориулсан зээлийг эхний ээлжинд Капитрон, Голомт банкаар олгож байна-
Оюутны сургалтын төлбөрийн зээлийг Капитран болон Голомт банкуудаар олгож эхэлжээ. Засгийн газрын 2016 оны аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Боловсролын зээлийн сан байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай оюутны зээлийг олгох шийдвэрийг гаргасан билээ. Оюутанд зориулсан зээлийг олгох гэрээнд Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Төрийн банк болон арилжааны Хаан, Голомт, Хас, Капитрон, Улаанбаатар хотын банкны төлөөллүүд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд гарын үсэг зурсан юм.
Тэгвэл уг оюутны хөгжлийн зээлийн талаар Боловсролын зээлийн сангийн зээлийн албаны дарга Э.Батсэлэм хэлэхдээ “Оюутны төлбөрийн зээлийг олгоход банкуудад зээлийн журам боловсруулахтай холбоотойгоор хүлээгдэж байна. Банкууд энэхүү журмыг энэ долоо хоногтоо багтан боловсруулж, оюутны төлбөрийн зээлийг олгож эхэлнэ. Уг зээлийн журам боловсруулж дуусаагүй дөрвөн банк байгаа. Харин Капитран, Голомт банк журмаа боловсруулаад дуусчихсан, зээлийн материалаа хүлээн авч байна” гэсэн юм.
Одоогийн байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 75 их, дээд сургууль оюутны төлбөрийн зээлд хамрагдахаар хүсэлтээ ирүүлсэн байна. Зарим орон нутгийн их, дээд сургуулиуд гэрээнд гарын үсэг зурж амжаагүй байгаа аж.
Оюутны хөгжлийн зээлийг Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан энэ зээлд хамрагдах боломжтой бөгөөд сургуулиа төгсөж, ажил эрхээд таван хувийн хүүтэйгээр төлбөрөө эргэн төлөх юм.
Энэхүү зээлд 2016-2017 оны хичээлийн жилд 70 мянга гаруй оюутан хамрагдах боломжтой гэж албаныхан үзэж байгаа аж. Энэ зорилгоор энэ оны төсөвт 90 тэрбум төгрөг, 2017 оны төсөвт 110 тэрбум төгрөгийг суулгасан байна.
Мөн Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Боловсролын зээлийн сан өнгөрсөн аравдугаар сараас эхлэн гурав ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын баклаврын сургалтад суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгож эхэлнэ.
Зээлд хамрагдах оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлж банкинд хандана.
Зээл хүссэн өргөдөл
Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар /
Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
А.СҮРЭН