Германы Гадаад хэргийн сайд Гуидо Вестервель Ливид зээл өгөх гэж буй шалтгаанаа тайлбарлахдаа “Хурандаа Каддафийн ард түмнийхээ эсрэг өдүүлсэн дайн хурцдаж, Ливид нөхцөл байдал улам хүндэрч байна. Ливид дэд бүтцийг бүтээн байгуулахад санхүүгийн эх үүсвэр дутагдаж, эд бараа, эмнэлгийн тусламжаас аваад хүнс хүртэл дутмагшилд орсон тул Герман улс тус улсад зээл олгохоор шийдлээ” гэжээ.
Герман улс Ливид өрнүүлж буй НАТО тэргүүтэй цэрэг хүчний ажиллагаанд оролцохоос татгалзаж, Ливийн иргэдийг Каддафийн гараас хүч ашиглан мулталж авах талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс явуулсан санал хураалтад оролцохоос түдгэлзсэн юм. Харин хөндлөнгийн зүгээс НАТО-гийн ажиллагаа амжилттай болохыг хүсч байгаа талаар канцлер хатагтай Ангела Меркель өнгөрсөн зургадугаар сард мэдэгдэж байсан юм.
Герман улс тэмцэгчдийг Ливийн ард иргэдийг хамгаалах төлөөлөл гэж үзээд Бенгазид өнгөрсөн тавдугаар сард сөрөг хүчинтэй хамтарч холбооны газрыг байгуулжээ. Германы зүгээс олгож буй зээлийн нөхцөлд “Зээлийг Каддафийн дэглэмийн үед хуримтлагдсан хөрөнгөөр Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөл эргэн төлөх ёстой” гэж заажээ. Харин Каддафийн гэх энэхүү хөрөнгө мөнгийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс чөлөөлж, Ливийн засгийн газарт олгосны дараа зээлийн эргэн төлөлтийг хийх боломжтой юм.