А.Баярцэцэг шилдэг оролцогчийн нэгээр дахин бичигдлээ

Хуучирсан мэдээ: 2016.12.15-нд нийтлэгдсэн

А.Баярцэцэг шилдэг оролцогчийн нэгээр дахин бичигдлээ

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” буюу “Дэлхийн мисс”-ийн тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо үргэлжлэн явагдаж байна. 120 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж буй “Miss World”-н финалын шалгаруулалт болоход гурав хоногийн хугацаа үлдлээ. Өөрөөр хэлбэл энэ жилийн дэлхийн мисс ирэх ням гаригийн шөнө буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдөр тодрох юм.

Эх орноо төлөөлөн мисс А.Баярцэцэг амжилттай оролцож байна. Түүний хувьд финалын өмнө болдог олон шалгаруулалтад өндөр үнэлгээ авч байгаа бөгөөд титмийн эзний нэгээр хэдийнэ нэрлэгдээд байгаа.

"Дэлхийн мисс" тэмцээни 5 үндсэн шалгууртай. Үүнд. авьяас, спорт, хүмүүнлэгийн ажил, шилдэг модель/дизайнер/ болон мультимедиа орж байгаа. Эдгээрээс авьяас болон мультимедиагийн шилдгийг mobstar дээр санал асуулгаар авч байгаа шилдэг нь болсон миссүүд 20-д шууд үлдэх юм.

Missosology А.БАЯРЦЭЦЭГИЙГ ДАХИН ШИЛДЭГТ БАГТААЛАА

66 дахь удаагийн “Miss World” тэмцээний финалын шалгаруулалтын өмнө миссүүд хэдийнэ шүүгчдээс үнэлгээгээ авсаар байна. Өчигдөр /2016.12.14/ "Дэлхийн мисс"-н шилдгүүдийг Missosology вэбсайтаас дахин гаргалаа. Missosology нь 14 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд, Miss World, Miss Earth, Miss Universe, Miss International зэрэг дэлхийн гоо бүсгүйн тэмцээнүүдийн тухай онцлон хүргэдэг томоохон цахим сэтгүүл юм. 

Шинэчилсэн жагсаалтаар Унгар тэргүүлж, Филиппин, Монгол удаалж байна. Мөн Чех, Доминкан, Австрали, Мексик, ОХУ, Индонези, Словак топ 10-д бичигджээ.

А.БАЯРЦЭЦЭГ ЯМАР АМЖИЛТ ҮЗҮҮЛЭЭД БАЙНА ВЭ?

Мисс А.Баярцэцэг уран бичлэгийг бүжиг болон илбэтэй хослуулан бэлтгэсэн. Түүний авьяасын үзүүлбэр 120 орны миссээс шилдэг 21-т багтаад байсан юм. Тэгвэл хагас шигшээд дахин үзүүлбэрээ сонирхуулж, Польш, Хорват, Филиппин, Латви, Малта, Укриан, Унгар, Чили болон Канадын гоо бүсгүйчүүдийн хамт шилдэг 10-т багтсан. Одоо авьяас үзүүлбэрийн ялагчийг mobstar дээр авсан саналаар тодруулна.

А.Баярцэцэг уран бичлэг, бүжгийг хослуулахдаа илбийн үзүүлбэрийг багтаасан. Тэгвэл түүний энэ үзүүлбэр “Дэлхийн мисс”-ийн түүхэн дэх анхны илбийн үзүүлбэр болоод байна.

Мөн Хүмүүнлэгийн ажилд "Агаа, эгээ" төслөөрөө оролцож, шилдэг 24-т шалгарсан. Эндээс шилдэг 10 удахгүй тодорно. Энэ төсөл нь нийгмийн эмзэг бүлгийн давхаргынханд үйлчлэх юм.

А.Баярцэцэг спортын төрөлд "Улаан" багт багтаж, түрүүлсэн байгаа. Энэ нь хувийн дүнгээр биш багийн үнэлгээгээр явагдана. Гэхдээ энэ багаас хувийн үнэлгээгээр түрүүлж, шилдэг 20-д багтсан мисс байна.

Одоо түүнд Топ моделийн шалгаруулалт үлдсэн бөгөөд маргааш болох юм. Финалын шалгаруулалтын өмнө бүх миссүүд бүжиглэх бөгөөд А.Баярцэцэг эхний эгнээнд гарч бүжиглэхээр болсон. 

Арваннэгдүгээр сарын 28-д эхэлсэн "Miss World" тэмцээний финалын шалгаруулалт болох тун цөөхөн хоног үлдлээ. Ирэх ням гаригт буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдөр "Miss World" тэмцээний шилдгүүд тодрох юм.

Одоогоор авьяас мисс, мультимедиагийн шалгаруулалт MobStar aрр-р тодруулахаар болсон бөгөөд санал асуулга явагдаж эхэлсэн. Та Mobstar-г суулган "MISS WORLD OFFICIAL" гэж бичээд Монголын оролцогчоо /Bayartsetseg Altangerel/ дэмжих саналаа өгнө. 
 

А.Баярцэцэг "Сант" дунд сургуулийг төгссөн. Тэрээр ШУТИС-ийн КТМС-д маркетингийн менежментийн чиглэлээр, Өмнөд Африкийн Дурбан хотын "Mancosa Management College"-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Мөн Испанийн Мурсиа хотын их сургуульд оюутан солилцооны "Erasmus Mundus" олон улсын хөтөлбөрөөр нэг жил суралцаж төгссөн. Тухайн үед "Голомт" банк, "Энержиресурс"-ын тэтгэлэгт хамрагдаж байжээ. А.Баярцэцэг англи, испани, франц хэлтэй.

Тэрээр,

  • 1990 оны арваннэгдүгээр сарын 29-д Улаанбаатар хотноо төрсөн
  • Испанид сурч байхдаа "Escala" загварын агентлагт ажиллаж байсан
  • 2008 оноос хойш "Торго" агентлагт загвар өмсөж байна
  • 2012 оноос жүжигчин болох хүслээ бодитоор хэрэгжүүлэхээр зорьж, жүжигчин, найруулагчийн мэргэжлээр Монголын Урлагийн зөвлөл, АНУ-ын ЭСЯ-ны нэрэмжит сургалтуудыг дүүргэсэн
  • "Netflix"-ийн "МаркоПоло" цувралд туслах дүр бүтээснээс гадна Хубилайн дүрд дуу оруулсан
  • Алдарт найруулагч Кристофер Копполагийн "Deadbeats" тэргүүтэй Монгол, Америкийн бүрэн хэмжээний богино хэмжээний дөрвөн кинонд гол дүр бүтээсэн
  • "Миний эхнэр тагнуулч", "My Sacred Blood", "White on Rice" зэрэг есөн кинонд туслах дүр бүтээсэн
  • 2017 онд зураг авалт нь хийгдэх "Зоригт Хотолун Гүнж" түүхэн тулаант киноны гүнжийн гол дүрд тоглоно
  • "Язгуурлугаа" баримтат уран сайхны киногоо өөрөө найруулан хийж байгаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж