Олон улсын тусламж авах эсэхээ шийднэ

Хуучирсан мэдээ: 2016.12.15-нд нийтлэгдсэн

Олон улсын тусламж авах эсэхээ шийднэ

-Нутгийн 70 хувь зудын эрсдэлд оржээ-

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хамгийн сүүлийн зураглалаар Монгол Улсын нийт нутгийн 70 хувь нь зудын эрсдэлтэй төвшинд байгааг дурьджээ. Энэ талаар өнөөдөр /2016.12.15/ Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны /ХХААХҮЯ/ Мал аж ахуй, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш мэдээллээ. Ялангуяа Ховд аймгийн Үенч, Алтай сум, Увс аймгийн хойд 5-6 сум, Завхан аймгийн хойд зургаан сум, Булган, Архангай, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймагт цасны зузаан нэмэгдэж, хатуурсан. Улмаар өвөлжилт хүндэрч болзошгүй гэлээ. Үүнээс гадна нийт нутгийн 70 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Зарим нутагт цас хатуурсан, энэ сарын 20-ноос нэмж цас орж хүйтрэх төлөв ажиглагджээ. Тиймээс малчид, хөдөлмөрчдөд өвс тэжээлийн бэлтгэлээ сайтар базаахыг дахин санууллаа.

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны /ХХААХҮЯ/ Мал аж ахуй, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш

Мөн малчдад туслах аяныг салбарын яамнаас эхлүүлээд байна. Тус аянд одоогоор Морин спорт уяачдын холбоо, JCI болон төрийн байгууллагынхан идэвхтэй оролцож байгаа гэлээ. Гэхдээ хандивын хүрээнд хэдий хэмжээний мөнгө, тусламж цугларсныг ирэх сарын эхээр албан ёсоор нийтэд мэдээлж, аймаг, сумын зөвлөлөөр дамжуулан шаардлагатай газарт хүргүүлэх юм байна.

Үүнээс гадна сумын хэмжээнд өвс тэжээлийн бүрдэлт хангалтгүй байгаа талаар арванхоёрдугаар сарын 1-нд мэдээлсэн. Тухайлбал, нийт сумын хэмжээнд өвс тэжээлийн бүрдэлт 50.7 хувьтай, аймгийн хэмжээнд 75 хувьтай байсан. Тэгвэл энэ хугацаанд өвс тэжээлийн нөөцийг яаралтай бүрдүүлэх ажил зохион байгуулсны дүнд хангалт сайжирсан гэж мэдээллээ.

Малчдад туслах аяны хандив, тусламжууд


МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН ТУСЛАМЖ АВАХ ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ШИЙДНЭ

Тэгвэл Монгол Улс энэ өвөл олон улсын хүмүүнлэгийн тусламж авахыг зарлах эсэхийг өнөөдөр /2016.12.15/ шийдвэрлэнэ хэмээн Монголын улаан загалмайн нийгэмлэгээс мэдээллээ. Зудын эрсдэлтэй, өвөлжилт хүндэрсэн жилд олон улсын хүмүүнлэгийн тусламж авахаар зарлаж, тусламж авдаг байна. Монгол Улс өмнө нь 2010, 2015 онд энэ тусламжийг авч байжээ. Харин энэ жил авах эсэхийг өнөөдөр шийдвэрлэх юм байна.

Энэ талаар Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөгч Бактиар Мамбетовоос тодрууллаа.

Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөгч Бактиар Мамбетов

-Олон улсын хүмүүнлэгийн тусламж авахаар бол хэдэн төрлийн ямар дэмжлэг үзүүлдэг юм бэ?

-Энэ жил Монгол Улсад малчдад туслах ажлыг өрнүүлэхээр зэхэж байна. Олон улсын тусламж авахаар зарлахыг хүлээлгүйгээр нэн тэргүүнд бэлэн мөнгө, дулаан хувцас, анхны тусламжийн сургалт, нийгмийн сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн.

-Өмнөх хоёр тусламжийн жилтэй харьцуулахад энэ өвөл өвөлжилт ямар байх бол. Тэр талын урьдчилсан тооцоолол бий болов уу?

-Өнгөрсөн жилийн өдийд газар нутгийн 90 хувь цасан бүрүүлтэй байсан. Одоогоор нийт нутгийн 70 хувь нь цасан бүрхүүлтэй гэх мэдээлэл ирсэн. Мэдээж өмнөх жилүүдтэй харьцуулж үзэж байна. Гэхдээ зуд бол удаан үргэлжилдэг гамшгийн төрөл юм. Хаврын улирал ирэхэд нөхцөл байдал өөрчлөгдөнө. Тиймээс өмнөх жилтэй харьцуулахад ямар байх талаар одоо хэлэхэд эрт юм.

Магадгүй улс орны эдийн засгийн таагүй нөхцлөөс үүдээд малчдад тусламжийг шуурхай хүргэхэд хүндрэл үүсч магадгүй. Гэхдээ Улаан загалмайн нийгэмлэг энэ асуудалд Засгийн газартаа туслаж шуурхай ажиллах болно. Мөн малчдад тусламжийг шуурхай, хүртээмжтэй хүргэхийн тулд олон байгууллагатай хамтарч ажиллах юм.

-Яг аль аймгуудад нэн тэргүүнд тусламж хүргэх вэ. Тусламжийг ямар судалгаан дээр үндэслэж олгох бол?

-Улаан загалмайн байгууллага энэ асуудалд Онцгой байдлын газартай хамтарч ажилладаг. Энэ ч үүднээс тусламж шаардлагатай аймаг, орон нутгийг сонгоно. Монголын улаан загалмайн нийгэмлэг нь онцгой комиссын гишүүн тул хурлаас гарсан шийдвэр дээр үндэслэнэ.

Одоогоор яг аль аль аймагт нэн тэргүүнд тусламж олгох эцсийн шийдвэр гараагүй. Гэхдээ урьдчилсан байдлаар Ховд, Увс, Булган, Дорнод, Хэнтий аймагт олгох мэдээлэл бий.

Б.ЗАЯА

Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж