Хан-Уулд англи хэлний зуны сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Хан-Уулд англи хэлний зуны сургалт эхэллээ

Амралтаа агуулгаар дүүргэж, англи хэлний мэдлэгийн төвшнөө ахиулахаар Хан-Уул, Багануур, Багахангай дүүргийн 250 хүүхэд, залуус өнөөдрөөс сургалтад хамрагдаж эхэллээ.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд “Эрдэмтэй монгол хүн-Монголын баялаг” уриа дэвшүүлж, тойргийнхоо хүүхэд залуусын сурч боловсрох орчныг сайжруулах олон санаачилга гаргасны нэг нь дээрх сургалт юм. Англи хэлний зуны сургалтын хөтөлбөрийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дэмжиж, “Лувсанвандан сан”, “Глобал удирдагч” дээд сургуультай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Зуны сургалт өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд нээлтээ хийсэн бөгөөд нээлтэд дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, “Глобал удирдагч” дээд сургуулийн ТУЗ-ийн дарга Ц.Отгонбат, УИХ-ын гишүүн Л.Болдын бие төлөөлөгч нар оролцсон юм. 

Англи хэлний зуны сургалтыг таван төвшинд явуулж, амжилттай суралцагсдыг Тайванийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах юм байна. Зуны сургалт явуулах зар хүлээн авч, хөтөлбөрт хамрагдахаар ирсэн хүүхдүүдийн зарим нь оюутан, зарим нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан байлаа. Зуны сургалтын нээлтэд ирсэн залуус өнөөдөр сонирхолтой лекцүүд сонсч, сурч мэдэх хүслээр хөглөгдөөд буцсан юм. Цаг үе өнөөдөр ямар мэргэжилтнийг шаардаж байгаа, гадаад хэл яагаад чухал болох тухай сонирхолтой судалгаа, шинэ санаа оноог лекторууд уран илтгэж байлаа. Ирэх арван жилд орчуулагчийн мэргэжил тийм ч эрэлттэй байхгүй гэнэ. Гэсэн хэрнээ хэлний мэдлэг чухал болоод байгаа гэх. Үүний цаад учир шалтгаан нь юу вэ? Үүнийг тун энгийн жишээгээр тайлбарлаж болох юм байна. Тухайлбал, хуульч байлаа гэхэд олон улсын төвшинд гэрээ, хэлцэл хийх чадвартай буюу гадаад хэлний өндөр мэдлэгтэй хуульч л өнөөдрийн цаг үед хэрэгцээтэй болжээ.

Тэгэхээр ирээдүйн мэргэжлээ сонгох гэж байгаа болон сонгон суралцаж байгаа хэнд ч хэзээ ч илүүдэхгүй зүйл бол хэлний мэдлэг байх нь. Энэ үүднээс хүүхэд, залууст хамгийн хэрэгцээтэй зүйл болох англи хэлийг сонгон суралцахад нь туслахаар УИХ-ын гишүүн Л.Болд дээрх санаачилгыг гаргасан байна.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж