Газрын тухай, Газрын кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, тэдгээрийг дагалдаж өөрчлөлт орсон 18 хууль, шийдвэрийн төсөл, эрхэм гишүүн Р.Буд, П.Алтангэрэл нарын зэрэг 19 гишүүн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн“Бэлчээрийн тухай” хуулийн төслийг иргэд олон нийтээр хэлэлцүүлж, гарсан саналыг холбогдох төслүүдэд тусгасны дараа хэлэлцэх нь зүйтэй үзэж түр хойшлуулжээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Д.Кёкүшюзан Батбаяр, Я.Батсуурь, А.Тлейхан, О.Чулуунбат, Х.Баделхан нарын өргөн мэдүүлсэн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хороо дэмжиж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлсэн байна. Гэхдээ тодорхой шалтгааны улмаас хойшлуулж дараа хэлэлцэхээр болжээ.
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжжээ. Уг хуулийн төсөлд Монгол Улсад ашиглахыг хориглосон, хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон бодисын бүртгэл хөтлөх, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, устгах, импортлох экспортлох харилцааг зохицуулах журам, мөн энэхүү жагсаалтад орсон ашиглахыг хязгаарласан бодисын ашиглахыг хориглох салбар, ашиглах хэмжээг хэрхэн тогтоохыг тусгасан байна.