Улстөрчдөд балбуулсан Хөгжлийн банк

Хуучирсан мэдээ: 2016.12.16-нд нийтлэгдсэн

Улстөрчдөд балбуулсан Хөгжлийн банк

Монголд өнөөдөр Хөгжлийн банк шиг хамгийн дампуу банк алга. Ханшийн зөрүүнээс 694 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн, экс дарга нь Ганц худагт хоригдсон гээд тоочвол барагдахгүй олон асуудал байна.

Эрх баригч хүчин хийгээд сөрөг хүчний дунд өрнөж байгаа тэр их оволзсон хэрүүл дундаас ард түмэн ийм л ойлголт авлаа. Ер нь бол ийм банктай байснаас байхгүй нь дээр гэж үзэх хүн олон болсон биз. Яагаад гэвэл улстөрчид дунд Хөгжлийн банкийг нүд үзүүрлэн хөрөнгө мөнгө нь шамшигдсан гэж ад үзэгсэд олон болохоос биш Монголд хэрэгтэй гэдгийг сануулчих, хууль эрх зүйн орчинг нь сайжруулаад, сонгодог утгаар нь ажиллуулчих хүсэл эрмэлзэлтэй нь тун ч цөөхөн байна.

Хөгжлийн банкны эх үүсвэрээр Монголд хэрэгтэй олон бүтээн байгуулалт бий болсныг зоригтойгоор хэлчих хүн ч алга. Компани нь зээл авчихсан, тус банкны вэб сайтад мэдээлэл нь байршсан байхад л “Би зээл аваагүй” гэж гүрийх улстөрч захаас аван гарлаа.

Уг нь Хөгжлийн банкнаас зээл авах нь гэмт хэрэг биш. Тавьсан нөхцөл шаардлагыг нь хангасан бол хэн ч зээл авч болно. Гагцхүү авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан уу, баялаг болгож чадсан уу, зээлээ цаг хугацаандаа төлж чадаж байна уу гэдэг л гол үзүүлэлт юм. Хөгжлийн банкийг байгуулсан зорилго ч ийм л байсан. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй, арилжааны банкны зээлийн хүү жилээр тооцоход 30 хувьд эргэлдэж байхад дан ганц улсын төсвийн хөрөнгө оруулалтаар том бүтээн байгуулалтыг хийх боломжгүй байна гэж үзээд Д.Дэмбэрэл даргатай УИХ Хөгжлийн банкийг байгуулах шийдвэр гаргасан. 

Харин энэ банкинд хөрөнгө төвлөрүүлж, түүгээрээ төслүүдийг санхүүжүүлж, алдаж онон ажил хийсэн нь өнгөрсөн дөрвөн жилд Засгийн эрхийг барьсан Ардчилсан намтай холбоотой. 2400 км авто замыг хоёр жилд барилаа, 70 мянган айл орон сууцтай боллоо, Эрээнээс цемент импортлохооргүй боллоо, арьс ширний томоохон үйлдвэрүүд техник технологио шинэчилж, Европ руу бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болсон, цахилгаан, дулааны хангамж сайжирсан гэж ярьдаг нь хийрхэл биш хийсэн ажил нь юм.

Харин идсэн, уусан мөнгө зувчуулсан тухайд холбогдох хууль хяналтын байгууллага нь шалгаж, тогтоох хэрэг биз, үүнд улстөрчид хошуугаа дүрэх хэрэггүй. Ингэх тусам Хөгжлийн банкийг муухай харагдуулж, улам хүчгүй болгож харагдуулах боллоо.

Монголын зээлжих зэрэглэл унасан байгааг хэлэх үү, улстөрчид нь Хөгжлийн банк өрөндөө баригдсан, ирээдүй харагдахгүй боллоо гэх ойлголтыг нийгэмд төрүүлэх болсноор Хөгжлийн банкинд гадна талаас гараа сунгаад хөрөнгө оруулах хүн олдохгүй, эсрэгээрээ хөрөнгө оруулсан нь мөнгөө татах гээд удирдлагыг нь сандаргаж байна.

Гэтэл гуравхан сарын дараагаас 580 сая ам.долларын төлбөрийг хийж эхлэх ёстой байдаг. Хэрвээ улстөрчид нь амаа мэдэж ярихгүй цуурсаар эл банкийг чадамжгүй болговол 5.5 их наядын зээлийг яаж олж авах юм бэ?. Эцсийн дүндээ татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулахаас өөр замгүй л болно.

Засгийн газраас байгуулагдан ажилласан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийн УИХ-ын Хууль зүй, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд хийсэн мэдээллээр бол тус банк амаргүй нөхцөлд байна. Зөвхөн валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал нь 694 тэрбум төгрөгтэй тэнцэж байх жишээтэй. 1.3 их наядын зөрчил илэрсэн гэж яриад байгаагийн 40 гаруй хувь нь зөвхөн ханшийн зөрүүтэй холбогдож байна. Хэрвээ эрх баригч бүр төгрөгийн ханшийг тогтвортой хатуу барьж чадсан бол ханшийн зөрүүний алдагдлыг ингэж томоор хүлээхээргүй байв. Ер нь ханшийн алдагдал зөвхөн Хөгжлийн банктай холбогдож гарч байгаа асуудал биш юм. 2008-2012 онд авто замын компаниуд валютын ханшийн өсөлтөөс асар том алдагдал хүлээсэн гэх үндэслэлээр төсөвт тэрбум, тэрбумаар нь мөнгө суулгуулж, авч байлаа. Мөн зөрчилд тооцогдоод байгаа анхны төсөвт өртөг нь өссөн гэх шалтгаан ч цаад агуулгаараа ханшийн өсөлттэй л холбогдох болов уу. Иймээс улстөрчид нь биенээ агнах зорилгоор Хөгжлийн банк руу хэт хошуу дүрдэгээ зогсоо. Тэртэй, тэргүй хууль хяналтын байгууллагууд хийх ёстойгоо хийнэ. Үүнийхээ оронд хамгийн том зээлдэгч болох Засгийн газрын улсын төсвөөс хийх шаардлагатай болоод байгаа гурван их наядыг ямар эх үүсвэрээс бүрдүүлж, цаг хугацаанд нь багтаан хийх вэ, Хөгжлийн банкны эрх зүйн орчинг яаж сайжруулах вэ гэдгээ бод, энэ чиглэлээр хуулийн төсөл санаачилцгаа. Ингэхгүй бол дараагийн дөрвөн жилд Хөгжлийн банкны өнөөгийн удирдлагыг хууль бус шийдвэр гаргасан гээд чичлээд суухгүй гэх баталгаа алга. Яагаад гэвэл засаглалын эрх өнөөдөр өөр намд шилжсэн ч Хөгжлийн банк бие дааж, өөрийн зарчим зорилгод нийцсэн шийдвэр гаргахаас илүү улстөрийн зорилгоор гаргасан шийдвэрүүдийг биелүүлдэг хэвээр байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж