Согтуугаар жолоо барьж жолоодох эрхээ тодорхой хугацаагаар хасуулсан жолооч 2016 он гарсаар 30 орчим мянгад хүрчээ. Харин жолоодох эрхээ хасуулсан ч дахин согтуугаар машинаа унасан 4186 жолооч байна. Дахин дахин хууль зөрчсөн эдгээр жолооч нарыг цагдаа нар одоог хүртэл шийтгээгүй гэлээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтуугаар жолоо барьсан жолоочийг 384 мянган төгрөгөөр торгоод, 30 хүртэлх хоногоор баривчилна гэж заасан ч хэн хэрэгжүүлэхийг нь тусгаагүй юм. Тиймээс согтуу жолоочид хариуцлага тооцох хуулийн заалт амьдрал дээр хэрэгжиж чадахгүй, гацаанд оржээ. Энэ гацааг арилгахын тулд Засгийн газар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр хэлэлцжээ. Хуулинд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулсан ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос 30 хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан. Гэвч Засгийн газар энэхүү заалтыг жолооч нарыг торгож, баривчилан хоёр удаа шийтгэж байна гэж үзжээ. Иймээс согтуу жолоочийг торгон баривчлах заалтыг өөрчлөхөөр төлөвлөжээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх эрх зүйн зохицуулалтаар зөвхөн шүүх жолооч нарыг баривчилж, торгох эсэхийг шийддэг байсан аж. Харин замын хөдөлгөөнийг зохицуулах шинэ хуулиар цагдаагийн байгууллага Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэнд захиргааны шийтгэл оногдуулах эрхтэй болсон юм. Гэвч баривчлах шийтгэлийг хэн оногдуулахыг тодорхой тусгаж өгөөгүйгээс согтуугаар жолоо барьсан иргэдийг хашрааж чадахгүй байна.
Өөрөөр хэлбэл, өмнө нь зөрчил гаргаж жолоодох эрхээ хасуулсан буюу үнэмлэхээ хураалгасан иргэд дахин архи ууж, согтуугаар жолоо баривал шууд баривчилж, торгох эрх цагдаа нарт алга. 2016 он гарсаар согтуугаар жолоо барьсан 2970 иргэн гаргасан зөрчлийг нь хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ямар нэгэн торгуул, шийтгэл хүлээгээгүй байна.
Зураглаач Н.БАТМӨНХ