УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж буй юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг: Нийт 103 зарчмын зөрүүтэй саналаар санал хураах нь. Хуулийн агуулгад өөрчлөлт оруулчих юм биш биз. Яагаад ийм олон санал хураагдах болов.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: 100 гаруй саналын 80 хувь нь редакцын чанартай саналууд. Хуулийн агуулга хэвээрээ байгаа. Болохгүй байна гээд буцаагаад авсан хууль тэр чигээрээ буцаж орж ирсэн. Энэ хуулийн ач холбогдлыг нийгэм маш их хүлээж байгаа үед яаралтай батлах ёстой.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: С.Чинзориг гишүүнээ хуулийн төслийг сайжруулаад хийж байгаадаа баярлах хэрэгтэй. Монголд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөггүй хүн гэж бараг байхгүй. Айлын охин авч суучихаад балбадаг, албан тушаал эрх мэдэлтэй болонгуутаа эхнэрээ сольдог, хуучин эхнэрээ дарамталдаг, баахан бутачтай болдог.
Ахмадууд яах гэж зээл авдаг юм, өөрсдөө гоё ганган хувцас авч өмсөх гэсэндээ биш үр хүүхэддээ зарцуулах гэж л тэтгэврийн зээл авдаг. Хүргэн нь хүүхдээ зоддог, арга буюу гэртээ аваад ирдэг. С.Чинзориг гишүүн та нийгмийн чиглэлийн төлөөлөл, энэ асуудалд харгис хандаж болохгүй шүү.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Хуулийн төслийг буцаах тухай яриагүй, маш олон санал хураах болсон тухай л ярилаа. Редакцийн маш олон санал орж ирсэн. Нэг гишүүн юм асуухаар дагуулж өөр ойлголт өгөөд хэрэггүй дээ, О.Баасанхүү гишүүн ээ.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар: О.Баасанхүү гишүүнээ баян айлын эрх хүүхэд шиг аашлахгүй шүү. Редакци, найруулгын чанартай саналууд нэг дор ороод ирэхээр ялгарахгүй болчихоод байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Үндсэн өргөн барьсан төслөөсөө давсан санал хураагддаг нь бидний ажлын гологдол.
Цайны цаг нь болсон тул үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойших хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.
Чуулганыг завсарлуулахын өмнө хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж үдээс өмнө чуулганы нэгдсэн хуралдааныг тасалсан гишүүдийн нэрсийг дуудлаа. Үүнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Н.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Н.Учрал, Б.Цэрэнбат, Б.Энх-Амгалан нар дуудагдлаа. Мөн тэрбээр “Ардчилсан намын бүлэгт Б.Наранхүү гэж нэг сайн эр байна аа, таван жил үзэгдсэнгүй. Хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ойлгохгүй юм чинь хуралд сууж хайран цагаа барж яадаг юм” гээд яриад сууж байна лээ” гэсэн юм.
Г.ДАРЬ