-Эгэл жирийн төрийн албан хаагч нь цаг барьдаг, төрийн түшээд нь цаг барьдаггүй, сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж чадахгүй бол хариуцлага тооцдог журам батлая-
Яагаад гэж үү, тэд сөрөг хүчин байхдаа чуулганы хуралдаан, байнгын хороодын ирц бүрдүүлэхийг цаг тутамд шаардаж, АН-ынханы хариуцлагыг хамгийн их нэмэгдүүлдэг байсан. УИХ-ын чуулганы хуралдаан, байнгын хороод хэд хэдэн чухал асуудал хэлэлцэх байсан ч өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн байнгын хороо ирц бүрдэхгүйгээс цуцлагдсан. Харин УИХ-ын чуулганы хуралдаан долоо хоногт хоёрхон өдөр хуралддаг. УИХ-ын чуулганы хуралдаан ирцээ бүрдүүлж чадахгүй байна гэх шүүмжлэл сонгогчдын зүгээс биш УИХ-ын чуулганы танхимаас гарч эхлэв. Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдаан өчигдөр /2016.12.15/ 10.00 цагт хуралдахаар товлогдож, чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ахлах үеэрээ ийнхүү чуулганы хуралдаанд суудаггүй, цагтаа ирдэггүй гишүүдийн нэрсийг дуудаж, хуралдаа цагтаа ирэхийг сануулав. Тэрээр “Хуралд ирэхгүй байгаа гишүүдийн мэдээллийг сонгогчдод нь өгөх хэрэгтэй. АН-ын гишүүдээс, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нараас олонх болсон МАН гишүүдийнхээ ирц бүрдүүлж хуралдаанаа үр дүнтэй хийх ёстой гэсэн шаардлага тавьж байна. Энэ бол зөв шаардлага. Их хурлын бүрэн эрхийн хугацаа эхлээд удаагүй байхад ирц нь бүрддэггүй олонх, эрх баригч гэж юу байсан юм бэ. Цаашид ирцээ бүрдүүлэх, хуралдаа цагтаа ирэх асуудлыг МАН бүлгийн дарга анхаар” хэмээн үүрэгдлээ.
МАН-ынхан сөрөг хүчин байх үедээ олонхийн бүлгийн ирцээ бүрдүүлж ажиллахыг хамгийн их сануулдаг байсан. Мэдээж аль ч парламентад олонх нь ирцээ бүрдүүлж, сөрөг хүчин, бие даагчдадаа үлгэрлэх нь энгийн үзэгдэл. Сөрөг хүчин байхдаа ирцээ бүрдүүл гэж орилж байснаа олонх болохоор ирцээ бүрдүүлж чадахгүй байна гэдгийг чуулганы танхимаас шүүмжлэх гишүүд МАН-д ч, сөрөг хүчинд ч бий.
УИХ бол Монгол Улсад хууль тогтоох, түүнийг хэрэгжүүлэхэд хяналт тавьдаг дээд байгууллага. Дээрээ суудлаа олохгүй бол доороо суудлаа олохгүйн адил парламент нь дэг журамтай, үр дүнтэй, ард иргэдээс хүлээсэн эрх, үүргээ гүйцэтгэж байх нь аль ч улсын парламентын үндсэн үүрэг. Парламентийн засаглалтай орнуудад гишүүд нь хурал таслах, бусад гишүүдийн өмнөөс санал хураалтад оролцвол хариуцлага тооцдог. Мөн төрийн албан хаагчид өглөө 08.30 цагт ажлаа эхэлдэг. Хэрэв ажлаасаа хоцорвол хоцорсон цагийг нь цалингаас нь хасч тооцдог. УИХ-ын гишүүд ч гэсэн төрд зүтгэж байгаа, төрийн статустай албан хаагчид. Хариуцлагын хувьд улстөрийн дээд албан тушаалтан гэдгээрээ ялгарахгүй л бол төр түшиж яваа, төрийн түшээ. Гэтэл төрийн түшээд нь эсрэгээрээ хурал таслахад хариуцлага хүлээдэггүй, өөр гишүүний өмнөөс санал хураалтад оролцож, картыг нь шургуулах нь энгийн үзэгдэл болоод удаж байна. УИХ-ын гишүүд төрийн албан хаагчаас ялгаатай нь хууль батлах, түүнийг хэрэгжүүлэхэд хяналт тогтоох, улсынхаа ирээдүйг төлөвлөхөд илүү хариуцлагатайг эс тооцвол төрийн л абан хаагч гэх статуст багтах учиртай. Бас нэг ялагаа нь төрийн албан хаагчид шиг 08.30 цагт бус 10.00 цагт хуралдаа ирэх учиртай.
Тиймээс УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хэлдгээр олонх нь ирцээ бүрдүүлээд, улс орны эрх ашгийн төлөө хариуцлагатай хандах цаг болжээ. Эгэл жирийн төрийн албан хаагч нь цаг барьдаг, төрийн түшээд нь цаг барьдаггүй, сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж чадахгүй бол хариуцлага тооцдог журам батлая. МАН сөрөг хүчин байхдаа олонхоосоо ирцээ бүрдүүлэхийг шаардаж, хариуцлагатай болгодог байсан шигээ өөрсдөөсөө ч гэсэн шаарддаг болъё. Үгүй бол МАН-ыг дахиад сөрөг хүчин болгоё.
Ш.ОЧ