БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн 24 хуудас бүхий мэдүүлгийг өнөөдөр /2016.12.16/ түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн байна. Авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон ерөнхийлөгчийг огцруулах нь зүйтэй гэсэн парламентийн санал хураалтын дүнг Үндсэн хуулийн цэц хэлэлцэж, түүнийг огцруулах, эсвэл буцаан албан тушаалд нь томилох эсэхийг эцэслэх юм. Цэц шийдвэрээ зургаан сарын дотор багтааж гаргах учиртай. Ингэхдээ парламентийн шийдвэрийг хэвээр баталбал Өмнөд Солонгост 90 хоногийн дотор ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулах юм.
Цэцээс даалгасны дагуу Пак Гын Хэ хэрэгт холбоотой тайлбараа бичгээр өгч байгаа нь энэ юм. Үүнтэй холбоотойгоор ерөнхийлөгчийн өмгөөлөгч сэтгүүлчдэд “Бид итгэл үзүүлэх эсэхээр санал хураалт явуулах ямар ч үндэслэлгүй гэдэг байр суурьтай байгаа. Тиймээс бид хууль ёсны дагуу бүх баримт фактыг үндэслэн тэмцэх болно” гэжээ.
Өнгөрсөн баасан гаригт /2016.12.09/ Үндэсний ассамблейн хуралдаанаар ерөнхийлөгчид итгэл үзүүлэх асуудлаар санал хураалт явуулж, түүнийг огцруулах нь зүйтэй гэж үзсэн билээ. Ерөнхийлөгч болон түүний дотны найз Чой Сун Шил нарын холбогдсон авлигын хэрэгт 13 зүйлчлэлээр хэрэг үүсгээд байгаа юм. Тав нь Үндсэн хууль зөрчсөн, харин үлдсэн найм нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Ерөнхийлөгчийн найз Чой Сун Шилийн тэргүүлдэг ашгийн бус хоёр сангаар дамжуулан дотоодын томоохон компаниудаас их хэмжээний мөнгөн хандив шаардаж авсан, мөн Чой төрд алба хашдаггүй хэрнээ төрийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, дээд төвшний томилгоо хийхэд нөлөөлсөн зэрэг хэрэгт ерөнхийлөгч Пак Гын Хэг буруутгаж байгаа юм. Харин ерөнхийлөгч эдгээр мэдээллийг “ул үндэсгүй” хэмээн эсэргүүцэж байгаа билээ.
С.ЦЭЛМЭГ