Өмнөд Солонгосын эрх баригч “Сэнүри” намын топ лидерүүд бүгд ирэх долоо хоногт огцрохоор болсон талаар тус намаас мэдэгдлээ. Намын шийдвэр гаргах төвшний дээд байгууллага болох Дээд зөвлөлийн бүх гишүүн үүнд хамаарч буй гэнэ. Намын дарга И Жун-Хюн ч мөн амласан ёсоор ирэх лхагва гаригт тэдний хамт албан тушаалаасаа огцрох ажээ.
Авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэд итгэл үзүүлэх эсэх асуудлаар тус улсын парламент өнгөрсөн баасан гаригт /2016.12.09/ санал хураалт явуулж, огцруулахаар шийдвэрлэсэн билээ. Улмаар Пакийг эсэргүүцэгчид “Сэнүри” намд түүний удирдлага дор, түүнтэй хамтарч ажиллаж байсан өндөр албан тушаалтнуудыг ч мөн огцрохыг шаардаж байсан юм.
Тэд эхэндээ огцрохоос татгалзаж байсан ч намын шинэчлэлийг шаардсан иргэдийн эсэргүүцэл өдрөөс өдөрт ширүүсч байгаа тул албан тушаалаа өгөхөөр шийджээ.
С.ЦЭЛМЭГ