“Ньюгрийн лайф” компанийн захирал Ц.Түвшинжаргалтай ярилцлаа.
-Сайн байна уу. Танд энэ өдрий мэнд хүргэе. Нэг үеэ бодвол манайхан барилгын материалаа өөрсдөө үйлдвэрлэх болжээ. Танайх тэдний нэг. Үйлдвэрийнхээ талаар танилцуулахгүй юу?
–Манай “Ньюгрийн лайф” ХХК 2012 онд байгуулагдсан. Өөр улс оронд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн түүхий эд нь Монголын цаг уур, орчны нөхцөлд тэр бүр тохирч чаддаггүй. Тиймээс бид эх орныхоо түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, импортоор авдаг бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэе гэж анхнаасаа зорьж ажилласан.
-Барилгын хуурай хольц гэхээр яг ямар төрлийн бүтээгдэхүүнүүдийг танайд үйлдвэрлэж байна вэ?
-Манай үйлдвэр хар замаск, плитаны цавуу, хөөсөнцрийн цавуу, фасадны өнгөт чулуун замаск, хөнгөн блокны цавуу, цагаан замаск, шал тэгшлэгч зэрэг нийт 7 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүн тус бүр барилгын хуурай хольцод тавигдах MNS: 6424-2013 стандартыг бүрэн хангасан байгаа.
-Танай үйлдвэр бүрэн автоматжуулсан үйлдвэр гэж сонссон.
-2012 онд анх үйл ажиллагаагаа эхлүүлж байх үед бага оврын тоног төхөөрөмжтэй байсан. Улмаар 2016 онд ХХААХҮЯамнаас “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл”-ийн хүрээнд 3 тэрбум төгрөгийн зээл авч үйлдвэрээ бүрэн автомат болгон өргөжүүлсэн. Бид тоног төхөөрөмжөө БНХАУ-ын MG Machinery компаниас худалдан авч суурилуулсан. Хоногтоо 100 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Ийм үйлдвэр манайхаас гадна Казахстан улсад нэг байдаг юм байна лээ. Энэ үйлдвэрийн хамгийн гол давуу тал нь бүрэн автомат болохоор бүтээгдэхүүний орц найрлага алдагдахгүй давуу талтай, мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны эрсдэл маш бага гэж ойлгож болно.
-Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангагдсан гэсэн үг үү?
-Ер нь тэгж ойлгож болно. Гараар хийдэг байсан эрсдэлтэй ажилбарууд байхгүй болсон. Манай үйлдвэрт 30 гаруй хүн ажиллаж байна. Бид мэргэжлийн байгууллагуудтай хамтран барилгын материалын үйлдвэрлэл болон Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр сургалт, зөвлөгөө, мэдээлэл авч байна.
-Энэ их хөрөнгөөр бүрэн автомат үйлдвэр байгуулна гэдэг өнөөгийн хямралын үед эрсдэлтэй, зоригтой алхам биш гэж үү?
-Манай улс барилгын хуурай хольцын бүтээгдэхүүний 70 гаруй хувийг импортоор авч байна. Бид энэхүү импортын хэмжээг бууруулж, дотоодын зах зээлийг үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангах зорилго тавин ажиллаж байна. Бид чанарыг амалдаг учраас өөрсдийнхөө үйл ажиллагаанд итгэлтэй байдаг. Манай үйлдвэрийн гол зорилго бол чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх. Мөн дотоодын барилгын материалын үйлдвэрлэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдээс тогтмол зөвлөгөө авч бүхий л стандарт, нормыг ханган ажиллаж байна.
Мөн харилцагч нарынхаа тав тухыг эрхэмлэж байна. Хэрэгцээтэй газар нь түргэн шуурхай бараа материалаа хүргэж өгөхөд анхаарч ажилладаг.
-Импортоор орж ирдэг ижил төрлийн бүтээгдэхүүнээс танайх юугаараа давуу вэ? Эх орны түүхий эдээр бүтээгдэхүүнээ хийдэг гэсэн үү?
-Бид эх орныхоо түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа нь бусдаас ялгарах давуу тал яах аргагүй мөн. Түүнчлэн гарал үүсэл нь тодорхойгүй, буух эзэн буцах хаяггүй бараа бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэнэ гэдэг бол тэр чигээрээ азанд найдсан хэрэг болно. Харин бид хэрэглэгчдэдээ чанар, баталгаа мөн ажлын хариуцлагыг амалж чаддаг.
-Барилгын салбар өвлийн улиралд сул зогсдог. Танайх сул зогсолт хийсэн үү?
-Манайх энэ өвөл зогсохгүй. Дулаанаа авсан барилгууд дотор заслын ажилд хэрэглэх цагаан замаск, плитаны цавуу болон шал тэгшилгээ хийх хар замаска гэх мэт бүтээгдэхүүний захиалгууд байнга ирдэг.
-Танай компанийн гар бие оролцсон бүтээн байгуулалтуудаас дурьдаач. Ямар газруудад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна вэ?
–Манайх барилгын салбартаа тэргүүлэгч байгууллагууд, хувь хэрэглэгч нартай хамтран ажилладаг. “Эко констракшн” ХХК-ийн КИНГ ТАУЭР , “Эрин интернэшнл” ХХК-ийн “Эрин хороолол”, “Тэлмэн Констракшн” ХХК-ийн “Шинэ Налайх” болон ”Чухаг-2”, “Шинэ яармаг”, “Буянт Ухаа-2 зэрэг төслүүд дээр бүтээгдэхүүнээ нийлүүлж хамтран ажиллаж байна. Дээрх төслүүдээс гадна “Дэстинэйшнл Монголиа ХХК”, “Дельта констракшн ХХК”, “Батс-Өргөө ХХК”, “Бэрэн групп”, “Эфэс констракшн ХХК” зэрэг 40 гаруй компани болон иргэд, худалдаачид, хувь бригадуудтай хамтран ажиллаж байна.
-Үйлдвэр чинь Шувуун фабрикт юм байна. Яагаад хотоос зайдуу үйлдвэрээ байгуулсан юм бэ?
-Бид энэ үйлдвэрээ улам бүр өргөтгөн бүтээн байгуулалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Тийм болохоор үйлдвэрээ хотоос зайтай байгуулах ёстой, мөн үндсэн түүхий эдийн нэг болох элсээ татан авахад илүү хялбар байя гэсэн үүднээс Шувуун фабрикт байгуулсан.
-Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд ямар бодлого баримталж ажилладаг вэ?
-Хамгийн сүүлийн жишээ бол жүжигчин Г.Ундармаагийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасгийг засварлах ажилд манай байгууллага өөрийн бүтээгдэхүүнээрээ тусалж дэмжсэн. Хүнд эрүүл мэнд чухал тэр тусмаа бидний хойч ирээдүй болсон бяцхан хүүхдүүдэд. Тэд эрүүл байж аюулгүй орчинд өсөж хүмүүжих ёстой. Бид үүний тулд л чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байшин барилга, засвар, тохижилтонд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүслээр ажилладаг.
-Цаашдын зорилго, зорилт тань юу вэ. Юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Дотооддоо хуурай хольцын нэмэлт түүхий эд болох нунтаг цавуунуудыг эх орондоо үйлдвэрлэх зорилго тавин химийн лаборатори, үйлдвэрлэл явуулдаг компаниудтай хамтран ажиллаж байна. Бид 2017 онд хоёр том зорилт тавьсан.
Нэгдүгээрт: ISO 9001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх. Үүний тулд ажлын бүтээмж чанарыг дээшлүүлэхээр 5S хөтөлбөр хэрэгжүүлж, ажилчдын бүтээлч санаачлагыг дэмжин үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх КАЙЗЕН системийг нэвтрүүлэн ажиллаж байна. КАЙЗЕН болон 5S-ийг хэрэгжүүлснээр ажилтан албан хаагч бүрийн ажлын бүтээмж нэмэгдэж, өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, богино хугацаанд үйлдвэрлэлийг явуулж байна.
Хоёрдугаарт, бүтээгдэхүүнээ экспортонд гаргах явдал. Бид анхан шатны гэрээ хэлэлцээрүүдийг амжилттай хийгээд явж байна.
-Монголдоо барилгын материалуудыг үйлдвэрлэж цаашлаад гадагшаа зах зээл рүү гаргахаар ажиллаж байгаад тань талархаж байна. Гэхдээ ойрын үед хуурай хольцын зах зээлийн ирээдүйн чиг хандлага ямар байна вэ?
-Сая Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр барилгын салбартаа Засгийн газраас нэлээд хэмжээний төсөв батлуулсан нь салбарын бүтээн байгуулалтад ихээхэн дэмжлэг болж, тэр хэрээр барилгын туслах материалын үйлдвэрлэл илүү эрчимжих байх. Энэ үед дотоодын үйлдвэрүүд хуурай хольцын зах зээлийг бүрэн хангана гэж харж байгаа.
–Танай бүтээгдэхүүнийг сонирхсон, худалдан авах хүмүүс та бүхэнтэй яаж холбогдох бэ.
-Манай захиалгын болон борлуулалтын албаны 9444-4124, 9444-4125 дугаараар холбогдож мэдээлэл авах болон захиалга өгч болно. Мөн манай вэб сайтаар зочлон дэлгэрэнгүй мэдээллээ авч болно.