Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Хятадын Тайбей үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Линь Хун-Дао нар хамтран ажиллах гэрээнд Тайбей хотноо гарын үсэг зурав.
Хоёр талын хамтын ажиллагаа 1994 оноос эхэлсэн бөгөөд 2006 оны гэрээг ийнхүү шинэчиллээ.
Уг ёслолд Боловсрол, Гадаад хэргийн яам, Тайбей дахь Монголын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцов. Гэрээний дагуу Үндэсний олимпийн хороод баг тамирчид, дасгалжуулагч, судлаач, сэтгүүлчдийг харилцан солилцох юм.
Хятадын Тайбей ҮОХ нь ирэх жил Зуны Универсиад, 2019 онд Зүүн азийн залуучуудын анхдугаар наадмыг Тайжүн хотноо зохион байгуулах бөгөөд Рио-2016 олимпоос эмэгтэйчүүдийн хүндийг өргөлтөөс 1 алт, 1 хүрэл, байт харвааны бүсгүйчүүд багаараа 1 хүрэл медаль хүртсэн байна. Монголоос чөлөөт бөх, боксын төрлөөр дасгалжуулагч энд ажиллаж байсан билээ.
Эх сурвалж: МҮОХ