Сэтгэлийг ариусгах Их Будда

Хуучирсан мэдээ: 2016.12.10-нд нийтлэгдсэн

Сэтгэлийг ариусгах Их Будда

Бурханы шашинт улс орон бүрт Будда бурханы хөшөө дурсгал бий. Хамгийн өндөр, хамгийн гоёмсог Бурхан Буддаг бүтээх уралдаан зарлаа юу гэлтэй дэлхийн өнцөг булан бүрт Буддагийн хөшөө сүндэрлэж байна. Японы Курим хотод Буддаг 63 метр, Усикуд 120 метр, Тайландын Ангтхонг хотод 92 метр өндөр Будда бурхан бүтээсэн байдаг ажээ. Хамгийн олон Будда бурхантай улс бол БНХАУ. Тус улсын Жаоцуньд баригдсан 153 метр өндөр Будда бурхны хөшөө дэлхий дээрх хамгийн өндөрт тооцогдож байгаа юм.

Тэдгээрийн дотор үзэсгэлэн төгс, цогц байдлаар бүтээсэн Будда Бурханы хөшөө бол Хятадын Жянсу мужийн Үши хотын Лиан Шань уулан дахь 88 метр өндөр хөшөө юм. Уг хөшөөг Лиан Шаньд бүтээхийг “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” номын гол дүр Тансан лам санаачилсан гэдэг. 88 метр өндөр Да Фү буюу Их Буддаг 700 тонн зэс цутгамлаар бүтээжээ. Амар амгалан, нигүүлсэнгүйн дүрээр бүтээсэн Их Буддагийн өлмий дор усан оргилуур, уянгалаг хөгжим бүхий цогцолбор бүтээжээ. Бадамлянхуа цэцгэн дундаас бяцхан Будда мэндлэх бөгөөд усан оргилуураас цацарсан ус “Сэтгэл ариусгагч цөөрөм”-ийг арвижуулдаг аж. Сэтгэл ариусгагч цөөрмийн уснаас амсаж, нүүр гараа угаавал сэтгэл доторх хамаг уйтгар гуниг, атаа хорсол гэх мэт сөрөг мэдрэмжүүд биеэс арилж ариусдаг хэмээх домог буй. Цөөрмийн зэргэлдээ бурхан Буддагийн ариун мутар хийгээд Энх-Амгалан хааны зэс цутгамлыг цогцлоожээ.

Энх-Амгалан хааны өвөр дээгүүр  олон бяцхан жаал хөгжилдөн тоглох бөгөөд түүнд төвөгшөөсөн янзгүй инээмсэглэн суух хааны дүр амирлангуй дүртэй Их Буддатай яг дүйцнэ. Энх-Амгалан хааны энэ дүр монголчууд бидэнд хэзээний танил. Дээхэндээ бол айл бүрийн хойморт заларч байсан шаазан урлалын томруулсан хувилбарыг Лиан Шань уулнаа харах сонирхолтой байлаа. Хааны өвөрт эрхэлсэн хүүхдүүдийн толгой, хааны хөлийн хуруу, гарын ар өврийг очсон хүмүүс илж, таалсаар элэгдэж гялайжээ. Хүү, охин хүссэн хүмүүс ээлжилж илсээр ийм болсон гэж хэлмэрч залуу тайлбарласан юм.

Бяцхан Буддагийн мэндэлж буй мөч үнэхээр гайхалтай. Сүрлэг хэрнээ уянгалаг хөгжмийн аянд аажуухан дэлбээлэх лянхуа цэцгэн дундаас зүүн гарын долоовор хурууг гозойлгосон, буржгар үстэй царайлаг бяцхан хөвүүн мэндэлж, суурин дээрээ эргэлдэн тойрч  хүн бүртэй мэндчилнэ. Яг тэр мөчид Бурханы сүр хүч, энэрэл нигүүлслийг үнэхээр хүртэх шиг сэтгэгдэл эрхгүй төрдөг юм билээ. Дөнгөж мэндэлсэн бяцхан Буддатай мэндчилж, сэтгэл ариусгах рашаанаас хүртсэнийхээ дараа хүмүүс Их Буддаг зорих бөгөөд Будда бурханы ариун мутраас адис хүртэх боломжийг хүн бүрт олгодог ажээ.

88 метр өндөр Их Буддагийн цогцолбор нь энгийн нэгэн хөшөөг хэрхэн амилуулж, амьдруулж, буяныг нь оршоож болдгийн тод жишээ ажээ. Хөшөө барьсан төдийгөөр орхидогсон бол мянга мянган жуулчид олон зуун бээрийг туулан зорин очих эсэх нь эргэлзээтэй билээ. Холын холоос зорин очсон хүний, өөрийн хүмүүсийг уйдаахгүй, сэтгэлийнх нь мухарт дахин ирэх, ах дүү, хамаатан садан, аав ээждээ үзүүлэх сонирхол төрүүлнэ гэдэг аялал жуулчлалын хамгийн том менежмент юм билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж