Германы академик орчинд суралцагсдын тоо эрс нэмэгдэж буй учир дээд сургуулиудын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай болжээ. Оюутнуудын тоо жилээс жилд нэмэгдэж, энэ жил 2,8 саяд хүрсэн нь хамгийн дээд үзүүлэлт болсон талаар Германы Холбооны статистик хорооны мэдээллийг "Der Spiegel" сонинд мэдээлжээ.
Өмнөх жилтэй харьцуулахад, Германы их, дээд сургуулиудад суралцагчдын тоо 1,8 хувиар өсч, 2,8 сая д хүрсэн байна. Тус улсад өмнө дээд боловсрол төдийлөн эрэлттэй байгаагүй аж. Тодруулбал, 1996 онд ердөө нэг сая дөнгөж хүрч байсан оюутны тоо 2006 онд бараг хоёр саяд хүрчээ. Тиймээс оюутнуудын суралцах орчин нөхцөлийг сайжруулах, нэмэлт санхүүжилт хийх талаар ярилцаж эхэлсэн байна.
Германы Оюутны холбооны дарга Дитер Тиммерманы ярьснаар оюутнуудын гол бэрхшээл нь өндөр үнэтэй орон сууц бөгөөд дийлэнх сургуулийн дотуур байрны үнэ хэт өндөр байгаа гэнэ. Сонирхолтой нь, 2035 онд тус улсад оюутны тоо эрс буурна гэсэн таамаг байгаа юм. Тиймээс жижиг сургуулиудад Германы боловсролын зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулахыг мэргэжилтнүүд уриалж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР