Өлзийгийн галерей: Арнульф Райнер

Хуучирсан мэдээ: 2016.12.09-нд нийтлэгдсэн

Өлзийгийн галерей: Арнульф Райнер

Контемпорари урлагийг ойлгоход тийм ч амар биш. Орчин цагийн уран бүтээлчдийн сэтгэлгээг ойлгож хүлээн авахын тулд эхлээд ХХ зууны урлагаа баримжаалах хэрэгтэй. Тиймээс ХХ зууны сор бүтээлийн антологи болон дүрслэх урлагийн түүхийн бусад номыг эх үүсвэр болгон, өөрийн сонголтоор, эхний ээлжинд 50 зураачийн бүтээлээр бяцхан бичвэр бэлдлээ. ӨГ-ийн дугаар бүрээс та зураачдын бүтээлийг задалсан товч тайлал, эсвэл бичил эсээ унших бөгөөд үүний заримыг шууд орчуулж, заримыг нь өөрөө бичсэн болно. ӨГ галерейд тавтай морил!


ӨГ=33

АРНУЛЬФ РАЙНЕР

Арнульф Райнер бол Австрид төрсөн, дэлхийн зураач! Тэр залуу бага насандаа, эцэг эхийнхээ үгийг дагаж инженер болохоор сурч байсан ч сургуулиа хаяад дүрслэх урлагт хүчээ сорьж эхэлжээ. Райнерын авсан зургууд гойдын нарийн дэглэлттэй, эгээ л театрын найруулагчийнх мэт амьд тавилттай, басхүү, тухайн хавтгайд гойд багтаамжтай дэлгэгдсэнээрээ эрс ялгардаг. Хүний бие ба царай төрхийг цоо шинээр харах бололцоог олгосон өвөрмөц, философилиг ажлуудаараа дэлхийд танигджээ.

Хөргөө зуруулж байгаа хүн ердийнхөөсөө өөр, нэг л хиймэл төрхтэй болчихдогийг тэр ажигласнаас хойш нүүрний илэрхийллийн хамгийн нарийн өнгө аяс, дотоод илрэлд анхаарлаа хандуулах болжээ. Ингэж л анх царайныхаа хувирлыг бодитойгоор буулгасан цуврал ажлаа бүтээсэн юм. Түүний эхэн үеийн ажлууд сюрреалист хэллэгтэй байсан ч хожим нь сюрреализмаас зугтах болсон гэдэг. Арнульф Райнер фото зураг болон хуучны мастеруудын урласан сонгодог бүтээлээс шилж аваад, дээр нь шууд ажилладаг. Бэхээр хийсэн бүтээлүүд нь ч их гоё. Би түүний олон бүтээлийг “амьдаар” нь үзсэн. Зураач нь сэтгэл хөдлөлийн дээд цэгтээ хүрсэн үед урласан мэт хүчтэй сэтгэгдэл төрдөг. Хүний харгис мөн чанарыг илрүүлэн гаргах тухайд урлагийн философийн асуудал дэвшүүлсэн зураачдын хамтлагт харьяалагдаж явсан үе ч түүнд бий. Түүний найз, кино найруулагч Петер Кубелка 1960-аад онд “Арнульф Райнер” хэмээх богино хэмжээний, экспериментал кино хийсэн нь асар их шуугиан дэгдээжээ. Тэр кино чимээ ба чимээгүй, гэрэл ба харанхуйгаас бүтсэн юм. Ердөө л жирэлзээд байдаг! Кубелка магадгүй зураач найзынхаа сэтгэл дэх шуургыг илэрхийлээ биз ээ. Арнульф Райнер өөрөө ч хүний бие, эрхтэний агшин зуурын онцгой хувирал, үхэл амьдралын сэдвээр хэд хэдэн кино хийжээ. Тэрээр Австри, Герман зэрэг орноос цөөнгүй шагнал хүртсэн бөгөөд хэдий өөрөө мэргэжлийн сургуульд сураагүй ч нэр хүндтэй академид олон жил багшилсан юм. Түүний нэрээр нэрлэгдсэн музей Нью-Йорк хотод бий.

ЭХ СУРВАЛЖ: ӨЛЗИЙТӨГС ЛУВСАНДОРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж