ӨЧИГДӨР /2016.12.08/ БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА
Хил хязгааргүй сэтгүүлчид хүний эрхийн олон улсын байгууллагатай хамтран Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс гурван сарын хугацаанд “Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд, хөрөнгө оруулагчдыг” тодорхойлох судалгаа явуулж, өчигдөр олон нийтэд танилцууллаа. Судалгааны үр дүнд хэвлэл мэдээллийн хэрэгслийн 74 хувь нь улс төрийн хамааралтай байгааг илрүүлжээ.
"Pakistan International Airlines" компанийн 47 зорчигчтой онгоц тус орны хойд нутагт сүйрсэн тухай "Reuters" агентлаг өчигдөр мэдээллээ.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “Богд Хаан: Амьдрал, өв” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Богд хааны ордон музейгээс өчигдөр зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаач, түүхчид оролцож, Богд хааны амьдрал, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Богд хааны ордон музейн тухай сүүлийн үеийн шинэ сонин судалгааны ажлаасаа толилуулж байгаа юм.
Бразилын хөлбөмбөгийн “Шапекоэнсе” багийнхан онгоцны ослоор сүйрсэн тухай харамсалтай мэдээ намжаагүй байхад ОХУ-ын спортод мөн олон залуу тамирчид ослоор амиа алдсан гарз тохиожээ. ОХУ-ын Ханты-Мансийск хотод болсон дотоодын тэмцээнд оролцчихоод төрөлх хот руугаа буцаж явсан гимнастикийн багийнхан авто осолд өртөж, 10 хүүхэд амиа алдсан байна. Цас, шуургатай цаг агаарын хүнд байдлын улмаас Ханты-Мансийск-Тюмен чиглэлийн хурдны замаар давхиж явсан автобус том оврын ачааны машинтай мөргөлдөж, нийт 12 хүн ослын газарт нас баржээ. Тэдний 10 нь 12-14 насны өсвөрийн тамирчид байсан гэнэ. Амь үрэгдэгсдээс гадна 22 хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэнээс заримынх нь биеийн байдал тун тааруу байна. Тэдний дийлэнх нь мөн л хүүхдүүд байжээ.
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаярыг жинхэлсэн байна. Тус банкны Төлөөлөн Удирдах зөвлөл /ТУЗ/ нь дэмжсэнийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталжээ. Гурван сарын өмнө Б.Батбаярыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байсныг өчигдөр /2016.12.08/ ийнхүү албажуулж байгаа юм байна.
УИХ-ын үдээс өмнөх чуулган цаг сунгаж хуралдав. Учир нь өчигдрийн хэлэлцэх асуудал цөөхөн тул үдээс өмнө хэлэлцээд дуусгах саналыг УИХ-ын дарга гаргаж, гишүүд дэмжсэн юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд Засгийн газарт буцаах санал гарсан билээ. Харин УИХ-ын гишүүд хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд байнгын хороонд шилжүүллээ.
Залуус ясны сийрэгжилтэд өртөх нь эрс нэмэгджээ. Учир нь ам цангавал хийжүүлсэн ундаа, гэдэс өлсвөл тамхи татчихдаг гэхэд хилсдэхгүй болсонтой холбоотой аж. Энэ нь өвлийн цагт, хальтиргаа гулгаа ихэссэн өнөө үед илүү мэдрэгддэг байна. Жишээ нь, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дэргэдэх “Мед Траума” эмнэлэг гэмтэл бэртэл, ясны сийрэгжилтийн оношлогоо, зөвлөгөөг иргэдэд үнэгүй үзүүлээд гурван долоо хоножээ. Энэ хугацаанд хальтирч унасан, авто осолд орсон, гэртээ гэмтсэн гэх гурван шалтгаанаар иргэд голчлон хандсан байна.
АНУ-ын Калифорнид төвтэй Graphiq компаниас гаргасан дэлхийн хамгийн ядуу орнуудын жагсаалтад Монгол Улс 82 дугаарт бичигджээ. Тэдгээр бэлэн мөнгөний хомсдол ихтэй, дэлхийн хамгийн ядуу буурай орнуудыг жагсаахдаа тэд Дэлхийн банкны 2015 оны тайланд дурдсан нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг үндэслэжээ. Жагсаалтад НҮБ-ын гишүүн 115 орныг багтаасан бөгөөд Хойд Солонгосын эдийн засгийн талаарх судалгаа, тоо баримт хангалттай биш тул жагсаалтад оруулаагүй байна.