Америкийн бизнес Трампын талд зогсч эхлэв

Хуучирсан мэдээ: 2016.12.09-нд нийтлэгдсэн

Америкийн бизнес Трампын талд зогсч эхлэв

Америкийн нэртэй бизнесменүүд бодлоо өөрчилж, Дональд Трампыг дагахаар болж байна. Санхүүгийн нөлөө бүхий хүмүүсийн бүлэглэл АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампт мэдэгдэхүйц дэмжлэг үзүүлэх чиглэлийг барьж эхэлсэн байна. Саяхан болтол тэд Трампын эсрэг зогсч, шалтгаанаа тайлбарлах олон баталгааг гаргаж тавьж байсан юм. 

Түүгээр ч барахгүй томоохон бизнесмэнүүд бараг бүх хандиваа Клинтоны штабт илгээж байв. Тэдэнд эхлээд Трампын бодлого бүрхэг санагдаж байсан ч саяхан "Aetna" даатгалын компанийн тэргүүн Марк Бертолини бизнесменүүдэд хандан, Трампын ялалтыг хүлээн зөвшөөрч, түүнтэй ажил хэрэгч холбоотой байхыг уриалжээ. Бертолини өөрийн мэдэгдлээ Нью-Йоркт болсон бизнесменүүдийн уулзалт дээр хийсэн байна. Энэ тухай "The Washington Post" сонин мэдээлэв.

Марк Бертолини бизнесменүүдийг Трамптай эвлэрүүлэх гарц хайж, ерөнхийлөгч рүү дайрсан довтолгоо хийж, түүнийг буруутгахаа зогсоохыг уриалжээ.

Сонгуулийн дараа "JP Morgan"-ы тэргүүн Жейми Даймон ажилтнууддаа хандан дээрх утга бүхий захидал бичжээ. "Apple" компанийн захирал Тим Кук мөн АНУ-ын шинэ ерөнхийлөгчтэй нээлттэй хандахыг компанийнхандаа уриалжээ. "PayPal" компанийг үндэслэгч, тэрбумтан Питер Тиль бизнесмэнүүдээс анхлан Трампт туслах шийдвэр гаргасан гэхэд болно. Одоо тэр ерөнхийлөгчийн аппаратад ажиллаж, Цахиуртын хөндийнхнийг шинэ ерөнхийлөгчтэй эвлэрүүлэхийг зорьж байна. Клинтоныг идэвхитэй дэмжиж байсан Жефф Иммельт ч Трампад сайн хандан, аль болох олон түнштэй болохыг зөвлөжээ. Тэр Трампыг эдийн засгаа өсгөж чадах хүн гэдэгт нь итгэж байгаа гэнэ. Энэ мэтчилэн Трампт дургүй олон хүн үзэл, бодлоо өөрчлөн, хүлээцтэй хандах болсныг "The Washington Post" сонин онцолжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж