Авто замын компаниудыг хувьчлах уу?

Хуучирсан мэдээ: 2016.12.09-нд нийтлэгдсэн

Авто замын компаниудыг хувьчлах уу?

“Авто замын засвар арчлалт /АЗЗА/-ын компаниудын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-аас санаачлан өнөөдөр /2016.12.09/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт тус газрын удирдлагуудаас гадна Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалтт засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн төвийн захирал Р.Буд болон АЗЗА-ын компаниудын төлөөлөл оролцож, өнөөгийн нөхцөл байдал хийгээд ойр хэтийн ирээдүйн талаар зөвлөлдлөө. Гол хөндсөн асуудал нь улсын болон олон улсын чанартай авто замын ашиглалт, арчлалтыг хариуцан ажилладаг АЗЗА-ын компаниудыг хувьчлах эсэх тухай байлаа.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд авто замын засвар арчлалт хариуцсан 20 компани ажиллаж байгаагийн найм нь хувийн хэвшлийнх бол үлдсэн нь төрийн өмчит компаниуд юм. Аймаг бүрт ажиллаж буй АЗЗА-ын компаниудын үйл ажиллагаа, санхүү аж ахуйн талаас дүгнэлт хийж үзвэл алдагдалтай, ашигтайн аль аль нь байдаг ажээ. Ерөнхийд нь дүгнэвэл АЗЗА-ын компаниуд хоёр эзний нэг зарц гэдэг шиг эзэн олонтой болсон байна. Төрийн өмчит компани гэдэг утгаараа ТӨБЗГ-т харъяалагдахын зэрэгцээ салбарын яам, Зам тээврийн хөгжлийн төв, орон нутаг гэсэн дөрвөн газарт харъяалагддаг хэр нь удирдлага, менежментийн хувьд төдий л сайнгүй байгаа нь анзаарагджээ. Улсын хэмжээнд зорчигч тээврийн 98,8 хувь, ачаа тээвэрлэлтийн 65 орчим хувийг автозамын тээврээр гүйцэтгэдэг. Автотээврийн үйлчилгээг найдвартай, аюулгүй гүйцэтгэх орчин нөхцөлийг бүрдүүлдэг АЗЗА-ын компаниудын үйл ажиллагаа доголдох аваас автозам эзгүйрч, зорчигчид болоод ачаа тээврийн үйлчилгээ ч хамт доголдоно гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо. Тиймээс 2020 он хүртэл АЗЗА-ын компаниудыг хувьчлах шийдвэр гаргах нь буруу гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байлаа.

Жич: Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүйг бид ирэх даваа гариг /2016.12.12/-ийн дугаартаа нийтлэх болно.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж