Д.Сосорбарам: Шинэчлэгдэж, хариуцлага тооцож чадахгүй бол тарах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2016.12.09-нд нийтлэгдсэн

Д.Сосорбарам: Шинэчлэгдэж, хариуцлага тооцож чадахгүй бол тарах хэрэгтэй

  • Ардчилсан намын Их хурлын хамгийн дуулиантай төлөөлөгч Төрийн соёрхолт, Гавьяат жүжигжин Д.Сосорбарам байлаа. Их хурлынхаа үеэр намын удирдлагуудаа шүүмжилж, энэ өдрөөс эхлэн намаас гарах болсноо зарласан түүний мэдэгдэл олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ талаар Төрийн соёрхолт Д.Сосорбарамтай ярилцлаа. 

-Ардчилсан намын их хурал хоёр өдөр болж өндөрлөлөө. Та яагаад намаасаа гарлаа гэж хэлээд, хурлыг орхиж гарах болов?

-Энэ нам ялзралын дээдээр ялзарсан, ялзрахдаа эд мөнгөний сонирхолтой, хоорондоо холбоотой болсон хүмүүсээр нэгэнт дүүрчээ. Ийм дүр зураг харагдаж, мэдэгдээд олон жил болсон. Миний эмэгнэж байгаа санаа бол 25 жилд хүн өсөх ёстой ч энэ нам төгсч байгаа явдал. Тиймээс сэрэх гэж байгаа бол сэрсэн шиг сэрэх ёстой гэж харж байсан юм. Найман жил Их хурлаа хуралдуулаагүй, дүрмийн бусаар, хууль бусаар амьдарсан энэ намыг авч явж байгаа хүмүүс нь ч яг адилхан. Авлигыг цэцэгцүүлсэн нам бол Ардчилсан нам.

Энэ байдал нь улам хөлжиж, намын хамгийн доод шатандаа хүрсэн байна. Ажиглаад байхад намын гишүүд мөнгөнд худалдагдаж, дарга нар нь намын гишүүдээ тэжээвэр хурга шиг мөнгөөр тэжээдэг болж. Анх гарч ирэхдээ үзэл санаан дээр тулгуурласан, үзэл санааны төлөө явсан нам юм шүү. Хүн хамгийн түрүүнд улс төрийн болон эдийн засгийн эрх чөлөөтэй байх ёстой. Тийм үзэл санааг тусгаж чадсан учраас энэ нам Монголд маш дорвитой шинэчлэл хийж, хүний үндсэн эрхүүдийг бий болгосон. Гэтэл 25 жилийн дараа энэ үзэл байхгүй болсон байна. Хувийн эрх ашиг, авлига хээл хахуульд идэгдсэн, бие биенээ дөнгөлсөн нам болж хувирчээ. Дөнгөлсөн гэдэг нь дандаа барьж явдаг цүнхийг нь хэлж байгаа юм. Тэр цүнхэнд зөв үзэл санааг оршуулчихсан. Найман жилийн дараа болсон Их хурал эхлэлээсээ л туг далбаа, ура хашгираанаар тун даржин эхэлсэн. Би бүр коммунист намын хуралд сууж байгаа билүү гэж бодсон. Энэ бол илбэдэж байгаа хэрэг. Дарга нар нь дүрэм ч юм уу нэг юмаа гялс батлуулаад, болж өгвөл энэ хурлаар намын даргаа сонгочихъё гэдэг хандлагатай хуралдлаа. Энэ бүгдийг хараад надад Ардчилсан нам ургамлаар бол дахин ургахгүй болсон, хүнээр бол тархи, оюун санаагаа дахиж сэргээхгүй болсон юм байна гэсэн бодол төрсөн. Орон нутгаас ирсэн 1210 төлөөлөгчөөс би өөрийгөө хасахаар 1209 гишүүн бүгд оосортой, утсан хүүхэлдэйнүүд харагдсан. Энэ дотроос 10 орчим хувь нь намын шинэчлэлийн хөдөлгөөний хэдэн залуус байлаа. Тэднийг овоодоо гэж харсан, гэвч энэ залуусыг хөдөлгөхгүй байсаар энэ Их хурал дууслаа шүү дээ.

-Намын дүрмийн шинэчлэлийг та юу гэж харж байна?

-Ш.Түвдэндоржийн оруулж ирж байгаа төсөлд авах юм байхгүй. Ямар ч үзэл санаа байхгүй. Үзэл санаагүй юм чинь яаж дүрэм байх вэ дээ. Намыг шинэчлэхийн тулд ямар үзэл санааны төлөө явах, юунд хүрэх, ямар дүрэм хэрэгжүүлэх, дүрмийг хэрэгжүүлэх ямар үндэслэл байгаа зэргийг ярих ёстой. Дүрмийн төслөө намын гишүүд, дэмжигчид, шүүмжлэгчид гээд бүх хүмүүсээр доод тал нь сарын өмнө хэлэлцүүлснээр нам шинэчлэгдэх ёстой байсан юм. Гэтэл Ардчилсан нам шинэчлэгдэхгүй гэсэн зорилгоо хадгалж орж ирсэн учраас би намаа баяртай гэж хэлээд гарсан. Шинэчлэгдэх ямар ч боломжгүй юм бол энэ нам тарах хэрэгтэй. Хэрэв шинэчлэгдэх бага ч гэсэн сонирхол байсан бол намын удирдлагууд ҮЗХ-оогоо тарааж, цомхон чадварлаг, мэдлэгтэй хүмүүсээр баг бүрдүүлэн, Ардчилсан намын гишүүн бүрийн эрхийг нээлттэй болгож өгөх байсан юм. Намын гишүүдээ хэн нэгний утсан хүүхэлдэй болгохгүй, тэд өөрсдийн оюун санаагаа уралдуулж, техник технологи хөгжсөн энэ зуунд арай өөр сэтгэлгээнд очих ёстой. Ардчилсан нам сэтгэлгээний ялзралд нэгэнт орсон байгаа учраас би намаас гарч байгаа гэж ойлгож болно.

Хэрэв энэ нам үзэл бодолтой, тодорхой эрэмбэ дараатай, цэгцтэй болж чадвал би дэмжинэ гэдгээ хэлсэн. Энэ зөвхөн Монголд байгаа асуудал биш юм. Гадны хөгжсөн, хөгжөөгүй орны бүх намууд ийм.

-Та намаасаа гарч, шинэ нам байгуулна гэж хэлсэн. Нам байгуулах тухайд та эртнээс бодож байсан уу. Эсвэл тэр өдөр танд тийм бодол төрөв үү?

-Хэрэв энэ нам үзэл бодолтой, тодорхой эрэмбэ дараатай, цэгцтэй болж чадвал би дэмжинэ гэдгээ хэлсэн. Энэ зөвхөн Монголд байгаа асуудал биш юм. Гадны хөгжсөн, хөгжөөгүй орны бүх намууд ийм. Төрийн өндөр албан тушаалд гарсан хүн бүрийн толгой эргэдэг, хүний түүх өөрөө ийм байна. Хүн байгаа газар алдаа байдаг гэдэг нь харагдаж байгаа юм. Хүн төрөлхтөн хоёр янз байдаг. Нэг хэсэг нь хаданд сийлсэн тамга адил цэх шулуун, цэгцтэй байдаг бол нөгөө хэсэг нь усан дээр зурсан зураг лугаа адил. Дэлхийн улстөрчид бол усан дээр зурсан зурагтай адил. Би амьдралд хадан дээр сийлсэн тамга шиг явж ирсэн, энэ чигээрээ л амьдарна. Уг нь зөв үзэл санаатай хүн гарч ирэх байх гэж би их найддаг. Намын дарга нарт өрсөлдөж байгаа хүмүүс дунд ч гайгүй үзэл санаатай хүн бий. Тэднийг гарч ирнэ гэж би хүлээж байна. Миний хувьд Ардчилсан намыг хаясан. Улс төр гэдэг нохойн орон болсон энэ газар руу ахиж шагайхгүй гэж бодож байна. Гэхдээ эрх чөлөө, өөрийнхөө жам ёсны үнэ цэнэ, сонгодог капитализм, зөв цэгцтэй хуультай орчинд амьдрах, хамгаалуулах жам ёсны төрийг эрэлхийлсээр амьдрах болно. Таны асуултад тодорхой хариулт өгөхөд, би нам байгуулахгүй. Ийм цөөхөн хүн амтай улсад нам байгуулаад ч явахгүй, орон зай ч алга. Нэг нам байгуулсан, тэр нь “үхсэн”. Монголчууд бид тэр чигээрээ тархины тураалд орчихсон байна. Намайг ингэж хэллээ гээд гомдох хэрэггүй.

-Намын дарга нарын илтгэлийг та бүтэн сонссон уу. Өнгөрсөн найман жилийн хугацаан дахь алдаа оноогоо ярихаас илүү бусдаас буруу хайсан, өрсөлдөгч нам руугаа чиглэсэн үгсийг их чулуудчих шиг?

-Хурлын эхэнд туг далбаа болоод л, намын даргын илтгэл гээд л юу болов оо. Оршил хэсгийг орхиод шууд хурлаа эхлүүлэх ёстой байсан. Гэтэл коммунист нам шиг хурлаа эхлүүлсэн нь хамгийн их дургүй хүргэсэн. Бид АН-ын алдааг ярихаас хүний алдааг ярих хэрэггүй. МАН гэсэн нэг ч үг унагах ёсгүй. Намын дарга З.Энхболдын улс төрийн илтгэл гэсэн нэртэй юманд ямар ч цэгц байхгүй. Түүний хэлсэн үгэнд ганц л зүйл нь зөв байсан. Намын гишүүн намаа ялагдуулсан эсвэл авлига хээл, хахууль авсан, ямар нэг алдаа гаргасан бол хариуцлага тооцдог болох гэсэн өөрчлөлт. Зүй нь бол хариуцлага алдсан намын гишүүнийг дөрвөн жилд улс төрийн замд орж ирж болохгүй гэдэг ч юм уу, дүрэмтэй байна гэсэн нь хамгийн үнэ цэнэтэй үг байсан. Их хурал энэ үгнээс л ажлаа эхлэх ёстой байсан.

Найман жил их хурлаа хуралдуулаагүй, найман жил намын дүрмийн дагуу ажил үүргээ явуулаагүй, ҮЗХ-г дампууруулсан, ах дүү амраг садан, хүргэн дүү нараа төрийн албанд оруулсан хүнээс хариуцлагын асуудлаа ярьж эхлэх байсан. Тухайн үед намаас хөөнө гэж хэсэг шуугисан л даа. Ардчилсан нийгэмд намаас хөөдөг дүрэм байдаггүй юм. Үүний оронд жолооны эрх хасдаг шиг улс төрд орж ирэх боломжийг нь найман жилээр хязгаарлачих байсан. Ийм дүрмээс эхлээд явсан бол энэ нам шинэчлэгдэх эхлэлээ тавьж  чадах байлаа. Намын их хурлаа яагаад хуралдуулж чадахгүй байсан бэ гэдгийг бодоод үзэхэд, намын дарга байсан Н.Алтанхуяг намын гишүүдээ бүгдийг нь хөдөлгөөнгүй болгоод барьчихсан байсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, мэдлэг, оюун санаа, хөл гээд бүгдийг нь барьчихсан байжээ гэж би харсан. АН бүлэглэл, фракцгүй болно гэж Н.Алтанхуяг дарга хамгийн их ярьдаг ч бүлэглэлийг өөрөө бий болгосон хүн. Энэ увайгүй үйл явдалд хариуцлага тооцоогүй нөхцөлд нам урагш явахгүй. “Чингис бонд”, “Самурай бонд” чинь эдийн засаг тойрсон бүлэг хүмүүсийн амьдралын фонд болоод дууссан шүү дээ.

-2016 оны сонгуулиар МАН олонхи болсон нь өнгөрсөн дөрвөн жилд АН ямар ажилласанд дүн тавьсан гэж хүмүүс ерөнхийд нь тодорхойлдог. Та санал нийлэх үү? Та Н.Алтанхуяг даргын илтгэлийг та сонссон уу?

Хурлын эхэнд туг далбаа болоод л, намын даргын илтгэл гээд л юу болов оо. Оршил хэсгийг орхиод шууд хурлаа эхлүүлэх ёстой байсан. Гэтэл коммунист нам шиг хурлаа эхлүүлсэн нь хамгийн их дургүй хүргэсэн. Бид АН-ын алдааг ярихаас хүний алдааг ярих хэрэггүй. МАН гэсэн нэг ч үг унагах ёсгүй.

-Чингис хааны хэлсэнчлэн “Өөрийн бурууг бусад руу бүү тох, өрөөлийн гавьяаг өлбөлзөн бүү луйвард” гэж хэлмээр байгаа юм. Н.Алтанхуяг бол яг л ийм хүн. Уг нь тэр хүн би ийм зүйл дээр алдсан байна, ийм зүйл дээр оносон байна гээд яриад зогсч байх байсан. Н.Алтанхуягийн нутгийн ах Ц.Нямдорж “Ерөнхий сайд болчихоод Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар хүргэнээ тавьсныг нь гайхсан. Энэ хүний толгой зүгээр байгаа” гээд харамсан хэлж байна лээ. Хэн илүү өөрийгөө өмөөрч, хамгаалж явна тэр хүн хамгийн их булингартай байдаг. Манай намын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан энэ хүмүүс ийм ядуу толгойтой байсан учраас нам ялзарсан. Аймаг, сум, баг дээр хүртэл нам нь олон толгойтой болчихсон. Энэ бүхнийг удирдлагууд л хийж байгаа. Сайн дурын үндсэн дээр үзэл бодлоо уралдуулаад явна гэдэг бол ардчилалын хамгийн том үнэ цэнэ. Гэтэл энэ зүйл нь алга. Энэ хүмүүс бүх алдаагаа ухамсарлаад, хариуцлагаа хүлээгээд нам жолоодох эрхээ хасуулах ёстой.

Манай намын ялагдсан шалтгаан бол бондын мөнгөний зарцуулалт, найман хувийн зээлийг таван хувь болгох, хүүхдийн 21 мянган төгрөг, эх орны хишиг гээд бэлэн мөнгө тарааж байсан буруу бодлого. Би хувьдаа АН ялагдахад баярласан. Хэрэв ялсан бол энэ улс бүр дампуурах байсан. Тэр их хэмжээний зээл чинь дампуурлын эхлэл байсан. Тэгэхээр алдаа гаргасан эзэд нь хариуцлагаа хүлээх ёстой. Ер нь бол нам ялна гэдэг нэг даргын хийдэг ажил биш. Зөв үзэл бодолтой олон сонгогчдын үзэл санааны уулзвар.

-Нам жолоодох эрхээ хасуулах биш харин ч эсрэгээрээ намынхандаа гомдоллож харагддаг, Ардчилсан намын удирдлагууд?

-Сүүлийн үед хэн их алдаж байна тэр болгоны өмөөрлийн газар нь нам болсон. УИХ-ын гишүүн Ж.Батзандан шоронгоос гарч ирэнгүүтээ намд элсч байхад нь "Алдаа болгоны хорогдох байр нь нам биш. Харин тийм зүйлд хатуу ханддаг нам байх ёстой" гэж би хэлж байсан. Их хурлын нээлтэн дээр нэг морьтой залуугийн бичлэг гарч байсан. Тэрийг би уран бүтээлч хүний хувьд егөөдөж суулаа. "Морьтой ч болоосой" гээд кинон дээр морьтой хүн машинтай уралдаад морь нь бахардаж үхдэг. Ардчилсан нам морьтой хүн, машинтай нь МАН гэвэл бид морио бахардуулж алах гэж байгаа улс юм байна. МАН одоо юу хийх нь Ардчилсан намд хамаа байхгүй. Саяын хурлын гол алдаа нь шууд ҮЗХ-гээ тарааж, заалнаас хурал даргалагчаа сонгож чадаагүй байдал.

Та Ардчилсан намыг хэсэг бүлэг хүмүүс ялзруулсан гэж яриад байна. Тэгж бодож байгаа хүмүүсээ нэрлэж болох уу?

-Энэ олон бондуудыг босгож ирсэн буянтай царайтай хүмүүс. Н.Алтанхуягийн Засгийн газарт байсан нөхдүүд. Манай нам 2012 онд хэлтгий ялалт байгуулсан. Энэ хэлтгий ялалтыг зөв ашиглаж чадаагүй. Эвссэн хүмүүстэйгээ нийлээд завшилт болгосон, эд нарын хийсэн бохир зүйлд нь 2016 оны сонгуулиар дүн тавьсан гэж харж байна. Ардчилсан нам дотроо маш хүчтэй хөлөө жийлцсэн. Энэ "Чингис" бондоос авчихаж, тэр надаас илүү мөнгө идэх гэж байна гэсэн эрх ашиг нь зөрчигдсөнөөс л бүх зүйл эхэлсэн гэж бодож байна. Ялангуяа Сү.Батболдын Засгийн газартай хамтарч байхдаа, Н.Алтанхуяг өөрөө Засгийн эрх барьж байхдаа маш буруу бодлого явуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2009 онд авлигатай тэмцэнэ, түүнийг байхгүй болгоно гэж гарч ирсэн. Авлигатай тэмцэх үйл явц их хэцүү байдаг аж. Хамт явсан, намынх нь хүмүүс авлига аваад байхаар ичмээр шүү дээ. Авлигыг цэцэглүүлэх үндэс 2008 онд АН, МАН хамтарсан засаг барих үеэс эхэлсэн. Н.Алтанхуяг одоо өөрийнхөө тэр бүлэглэлийг байхгүй болгох ёстой. Н.Алтанхуягийг хоёр, гурван удаа шүүмжилсэн чинь намайг хэд хэдэн удаа утсаар дарамталсан. Би энэ хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг дэндүү сайн мэдэх юм даа. Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, З.Энхболд нар яаж гүйж байсан, ямар хүмүүс байсан, яаж урваж шарваж байсныг нь харин ч сайн мэднэ шүү. Увайгүй хүмүүсийн цэцэглэн хөгжих газар нь улс төр байдаг болж дээ.

-Ардчилсан намыг шинэчлээд аваад явчих лидер байна уу. Та намын даргыг хэн байж болно гэж хардаг вэ?

-Байхгүй. Энэ нам ингээд дампуурсан. Одоо шинэчлэгдэхгүй дээ. Зүгээр намын даргад өрсөлдөж байгаа хүмүүсийн үзэл баримтлалыг харж байхад зөв концевцтэй хүн бараг байхгүй байна. Харин МҮОНРТ-ээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны ярьсан үзэл санаа, бодлого хэрэгжиж чадвал АН аврагдах магадлалтай. Тэр үзэл санааг хүмүүст хүргэж, үнэнийг ойлгуулах, соён гэгээрүүлэхэд их ажиллах ёстой. Гэхдээ тэр үзэл санаа хүмүүст очтолоо удах байх. Яагаад гэвэл Н.Алтанхуягийн тарьсан балгийг арилгахад маш хэцүү болсон.

Намын даргыг сунгаагаар сонгохоор болсон нь Их хурал болсны ганц давуу тал байлаа гэж хүмүүс харж байна?

-Уг нь зөв. Гэхдээ дахиад л мөнгөнд идэгдэнэ. АН-ын гишүүд бүгд худалдагдсан. Лидергүй болсон. 2020 онд АН ялж болно. Гэхдээ шинэчлэлээ хийж чадахгүй цагт юу ч өөрчлөгдөхгүй. Хүн төрлөхтний түүхэнд мундаг гавьяа байгуулсан хоёр лидер байдаг. Нэг нь Рональд Рейган. Тэр татварыг эрс бууруулж, төрийн оролцоог зогсоосон. Энэ нь АНУ-ын эдийн засгийг сэргээх гавьяа байсан. Нөгөөх нь Английн Ерөнхий сайд Маргарет Тэтчер. Тэр хүмүүсийг буруу суртал ухуулгаар ирлэж, зөрчилдөөн үүсгэдэг арга барилтай хүмүүст төрийн төмөр нүүрийг харуулж, бүгдийнх нь эрхийг хасч, тарааж байсан. Төрийн өмчид байсан бүх үйлдвэрийг хувьчилж, Английг хөл дээр нь босгосон түүхтэй. Би дэлхийн олон ерөнхийлөгчийн бодлогыг судалж байсан. Энэ хоёр хүн л мундаг үйлдэл хийж байжээ гэж боддог.

АН-ын гишүүд бүгд худалдагдсан. Лидергүй болсон. 2020 онд АН ялж болно. Гэхдээ шинэчлэлээ хийж чадахгүй цагт юу ч өөрчлөгдөхгүй.

Өөрийнхөө улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй бодлогыг та судалж байв уу?

-2009 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа энэ хүн бол тамаа идсэн хүн. Өөрийнх нь нөхөд авлигатай орооцолдож, ашиг сонирхолын зөрчилтэй болохыг үзлээ. Одоо тэд өөрийг нь хардаж эхэлсэн байна.  Би тэр хүнийг шүүмжилж байсан. Гэхдээ энд нэг зөв гал дүрэлзэж асаасай гэж хүлээж байгаа. Хэн зөв ярьж байсан, хэн үнэний төлөө явж байсан бэ гэдэг нотлогдож гарч ирэх байх гэж горьдож байна.

-Та гэхдээ намаасаа гаралгүйгээр, харин ч дотор нь байж, түүнийг өөрчлөхөд оролцох, нөлөөлөх ёстой хүний нэг биш үү?

-Манай дүү хүртэл намайг загнаж байна. Яагаад гарч байгаа юм бэ, дотор нь байж өөрчлөх ёстой гэж. Би 25 жил үнэ цэнэ гэж ийм байх ёстой гэдгийг ярьсан. Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэж зүйр үг бий. Би бүгдэд нь хэлж, сануулж байсан. Би хувь хүний хувьд өөрийнхөө үзэл санааг ярьсаар байх болно. Намаас гарлаа гээд би дуугуй болно гэсэн үг биш. Би эрх чөлөө, хэлсэн үгэндээ эзэн байж амьдарна. Намайг Их хурал дээр үг хэлээд гарахад хүний үг дамжуулж байна гэж ярьсан байна лээ. Энэ бол Н.Алтанхуягийн зорилготойгоор тарааж байгаа яриа л даа. Би хэзээ ч, хэнээр ч хэлэх үгээ заалгаж байгаагүй. Би хэний ч харьяат биш.

-Сонирхож асуухад, Далай ламын айлчлалыг та юу гэж харж байгаа вэ. Айлчлалаас болж олон асуудал үүссэн гэж шүүмжлээд байгаа?

-БНХАУ татвараа нэмж байгаа асуудал бол Далай ламын айлчлалтай холбоотой зүйл биш байх аа. Далай ламын хэлж байгаа зүйлийг би чих тавин сонсдог. Тэр хүн сэтгэлээ ариун байлга, ямар нэгэн бурханд итгэх хэрэггүй, лам нар нь зөв бай, мухар сүсэг гэхээс илүү чи өөрөө зөв бай, бодол болгон нь зөв бай гэдгийг л хэлдэг. Ийм зүйл ярих гэж ирсэн хүнийг өнөөдөр улстөржүүлээд байгаа нь зохимжгүй зүйл. Энэ хүн ганцхан манай улсад айлчилдаг биш дэлхийн бүх улсад айлчилдаг. Манайд Далай лам ирсэн нь гай болоод байгаа юм биш. Энэ зүгээр л шалтгаан болсон. Өмнө нь эд баялаг руу шунаж байсан санаархал байсаар ирсэн БНХАУ-ын талд Далай лам шалтаг л болсон гэж хувьдаа бодож байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Ш.ОЮУНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж